Хэнтийчүүд намыг биш хүнийг сонгоно

Энэ зуны улс төрийн халуун цэг бол Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрог. УИХ-ын нөхөн сонгуульд 11 нам өрсөлдөхөөр сонгуулийн төв байгууллагаас батламжаа аваад байгаа. Судалгааны байгууллагууд ч Хэнтийн сонгуульд хэн нэр дэвшвэл ялах магадлалтай талаар судалгаагаа гаргаад амжжээ. Тухайлбал, улс төрийн барометер судалгааг тогтмол хийж буй МЭК компаниас УИХ-ын 42 дугаар тойрогт аль улс төрийн хүчин хэн гэгч ултстөрч хэр дэмжлэгтэй явааг судалсан байна.
Судалгааны мэдээллийг УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт хамаарах нутаг дэвсгэр болох Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумдад оршин суудаг сонгуулийн насны 750 иргэнээс 2019 оны тавдугаар сарын 5-6-ны өдрүүдэд, 500 иргэнээс 2018 оны наймдугаар сарын 3-5-н өдрүүдэд тус тус квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан байна.
Хэнтийн сонгогчид энэ удаад намын суурь дэмжлэг дээр тулгуурласан сонголт бус харин хувь улстөрчийн үзүүлэлтэд суурилсан сонголт хийх бололтой. 2016 онд МАН-аас нэр дэвшсэн хэн ч байсан сонгогдохоор байсан бол одоо Хэнтийчүүд хувь хүний мөн чанарт илүү анхаарал хандуулж, сонголтоо хийхээр зэхсэн байж болзошгүй.
2018 оны наймдугаар сард хийсэн судалгаагаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг судалгаанд оролцсон иргэдийн 15 хувь нь дэмжсэн бол энэ жилийн тавдугаар сарын судалгаагаар 33 хувь нь дэмжсэн байна. Ер нь “Сант Марал”-ын судалгаагаар ч улстөрчийн рейтэнгээрээ МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүлсэн. Энэ удаагийн судалгааны дүн ч У.Хүрэлсүхийн улстөрчийн рейтэнгийг бататгаж байна.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2018 онд судалгаанд хамрагдсан иргэдийн 21 хувь нь дэмжсэн бол энэ онд 15 хувь болж буурчээ. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг өнгөрөгч онд судалгаанд оролцсон иргэдийн 35 хувь нь дэмжиж байсан бол энэ оны судалгаагаар түүнийг дэмжигчдийн хувь 31 болж буурсан байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд энэ нөхөн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшвэл ялах магадлалтай байна. АН-ын хувьд Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг бус өөр нэгнийг нэр дэвшүүлбэл ялагдал хүлээх магадлалтай нь судалгааны дүнгээс харагдаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр өрсөлдсөн тохиолдолд өөртөө найдвар тээж болох ч намынхан нь найдлага тавиад тусгүй дэг ээ, судалгаа бодит бол. Учир нь түүнд итгэх итгэл, хүлээлт жилийн өмнө давуу байсан ч өнөөдрийн тухайд ажил хэрэг болоогүй бодлогуудаас нь шалтгаалсан уу, сонгогчдын дэмжлэг буурчээ.
Цаашлаад энэ сонгуульд өрсөлдөхөөр “ичээнээсээ гарсан” бусад улс төрийн хүчнүүдийн тухайд ялах магадлал байтугай санал хуваах хэмжээнд ч хүрэхгүй.
Хэнтийн нөхөн сонгуулийн үр дүн ирэх сонгуулийн жилийн улс төрийн намуудын өнгийг тодорхойлох хэдий ч нэр дэвшигчдийн тухайд рейтэнг өндөртэй эрхэм тодрох төлөвтэй.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ