С.Чинзориг: Төрийн албан хаагчдын дундаж цалин 26 хувиар нэмэгдсэн
5-10

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг нэмэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулсан юм. Тэрбээр:

 

-УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалтны сарын хэмжээг УИХ-ын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтай, сум, дүүргийн ИТХ-ын даргын сарын цалинг сум, дүүргийн Засаг даргын сарын цалинтай адилтгах, шүүхийн шинжилгээний ажилтны цалинг цагдаагийн байгууллагын офицерийн цалинтай адилтгахаар тусгалаа. Цалингийн хэмжээг адилтгаснаар төсөвт ачаалал үүсэхгүй хэмээв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт хэллээ. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Төрийн албаны хуулийн шинэчлэлтэй холбоотой энэ хуулийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ хуулийн хүрээнд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломж байгаа юу?

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Засгийн газар жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа. Энэ хугацаанд төрийн албан хаагчдын цалинг бодитоор хоёр удаа нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Инфляцийн түвшинтэй уралдуулж нэмэгдүүлэхийн зэрэгцээ багш, эмч нарын ажлын ачаалал, ур чадвараас хамааруулж нэмсэн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын дундаж цалин 2014 оны төвшингээс 26 хувиар нэмэгдсэн. Багш, эмч нарын цалин 36 хувиар нэмэгдээд байгаа. Өнөөдрийн тухайд улс төрийн албан тушаалтны цалин, төрийн албан хаагчдын цалинтай уялдуулж нэмж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Дүйцүүлэх цалинтай холбоотой асуудлыг дэмжиж байгаа. Цаашдаа цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийг дэмжинэ. Хувийн хэвшлийнхний дундаж цалинг нэмэх асуудлыг бид цаашдаа шийдэж явах нь зөв. Цалин нэмэхийн тулд орлого олох хэрэгтэй. Цалин нэмэхийн тулд татвар нэмдэг. Жишээлбэл, малын хөлийн татварыг нэмэх үү?

 

-Бэлчээр хомсдсон байдалтай байна. Уламжлалт мал аж ахуй эрхлэхэд бэлчээрийн асуудал тулгамдаж байгаа. Бэлчээрийг сайжруулах талаар хэлэлцүүлгийн үеэр их өрнөсөн. Бэлчээрийн хөлийн татварын төрөл хэлбэрээр гаргах нь зохимжгүй. Малчид хоорондоо сан байгуулж, бэлчээрийг хамгаалах асуудлаар ажил зохион байгуулахыг дэмжинэ. Бэлчээрийн хуулийг мөн УИХ-д өргөн барихад бэлэн болсон байгаа. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулав. Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 53 хувь нь дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ биеэ тоосон хөдөлж ядсан зарим төрийн албан хаагчдыг. Халах хэрэгтэй. Юм мэдэхгүй, амьдрал мэдэхгүй, намын шугамаар орж ирсэн нөхдүүд. Цалинг нь бодитоор нэмээд, Төрийн албан хаагчдыг цөөрүүлж чанаржуулмаар байна. Гол нь иргэддээ үнэнчээр үйлчилдэг хүмүүс баймаар байна
2019-05-12