Зургаан хүний аминд хүрсэн зуны эхэн сарын цас
2019-05-13

Цаг наашиллаа гэж тайвшрах болоогүйг өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цас санууллаа. Өвөл ороогүй цас зуны эхэн сард орж, дөрвөн хүний аминд хүрэв. Цас орж, шуурсны улмаас Өмнөговь аймгийн 41 иргэн төөрсөн байна. Тэднээс 37 иргэнийг эсэн мэнд олсон ч дөрвөн хүн амиа алдсан байж. Цогтцэций сумын гэр бүлийн хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн, Цогтцэций сумын нэг  эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олсон байна. Харамсалтай, урин дулаан  цаг ирж байгаа юмсан.

 

 

Тавдугаар сарын цас Өвөрхангай, Төв, Говьсүмбэр аймагт ч онцгой арга хэмжээ  авахад хүргэж, хоёр хүн эндсэн байна. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын чиглэлд зорчиж явсан машин цасанд сууж, хоёр хүнийг авран хамгаалах шаардлага тулгарсан байна. Мөн малдаа яваад төөрсөн Төв аймгийн таван иргэнийг эсэн мэнд олжээ. Бас Улаанбаатар-Замын-Үүд сумын чиглэлд явсан таван иргэн онцгой байдлын албан хаагчдын тусламжаар аврагджээ. Зуны эхэн сарын цас онцгой байдлын байгууллагын бэлэн байдлын шалгаж, иргэдийн хайнга занг харууллаа. Цаг уурын байгууллагаасс цас орж, шуурахыг хэдэн өдрийн өмнөөс сэрэмжлүүлж, анхааруулсан. Харин тавдугаар сарын цасыг “шар тос” гэж баярласнаас хүний амь авч одох аюул гэж хэн ч тооцоолоогүй бололтой. Дахиад ч цас орж, шуурахыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

 

 Цаг агаарын мэдээгээр:

 

13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 12, 15-нд говь, талын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

 

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.

 

Урин цагийн цас, шуурганд хайхрамжгүй хандахгүй байхыг иргэд та бүхэн анхааруулж байна.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин