Монголын кино урлаг дахь түүхэн үйл явдал
2019-05-13

-“Монголиан Коннекшн” уран сайхны кино Казакстан улс даяар кино театруудад гарч эхэллээ-

 

Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас, өнгө нэмсэн онцлог үйл явдал болсон нь “Ай Фай Продакшн” санаачлан “Номадиа пикчерс”, “Оранж энтертайнмент”-тай хамтран продюсерласан “Монголиан Коннекшн” уран сайхны кино энэ сарын 9-нөөс эхлээд “Меломан Афиша” компаниар дамжуулан Монгол Улсаас анх удаа гадны зах зээлд буюу Казахстан Улсын 77 кино театрт гарч эхэлжээ.

 

Тавдугаар сарын 3-нд Алматы хотод болсон киноны нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас уг киног продюсерласан болон кинонд ажилласан баг хамт олныг төлөөлж продюсер Б.Амарсайханы хамт нийт 8 уран бүтээлч оролцжээ.

 

 

 

Киноны нээлтэд бидний сайн мэдэх “Рэкетир”, Казахстан Улсаас Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид нэр дэвшсэн “Дорога к матери” зэрэг кинонуудын найруулагч Акан Сатаев, “Forbes KZ” сэтгүүлийн хувь эзэмшигч, Казахстаны тэрбумтан Арманжан Байтасов, алдарт дуучин Дильназ Ахмадиева, алдарт жүжигчин Тауекел Мусилим, Динара Бактыбаева, Карлыгаш Мухамеджанова, Фархад Абдраимов, продюсер Игорь Цай, блоггер Дина Цай, Казахстаны орлон тоглогчдын “Номад стантс”-ын хамт олон зэрэг алдартнууд, бизнесмэнүүд хүрэлцэн ирж, киноны тухай өндөр сэтгэгдэлтэй үлдсэн байна.

 

 

 

 

Уг уран бүтээлд Америк, Казахстан, Герман, Канад зэрэг орны 13 уран бүтээлч Монголд ирэн ажилласан бөгөөд Монгол Улс, АНУ-д зураг авалтаа хийсэн юм. Цаашид энэхүү бүтээлийг Казахстанд төдийгүй, Хойд Америк, Зүүн өмнөд Азийн орнуудад дистрибьютерээр дамжуулан гаргахаар продюсерийн багийнхан нь зорин ажиллаж байгаа юм байна.

 

 

 

Олон улсын уран бүтээлчидтэй хамтарч уг киног бүтээсэн ч киноны хөрөнгө оруулалт, санхүүжилт нь “Ай Фай Продакшн”, “Номадиа Пикчерс”, “Оранж энтертайнмент”, “М-Ойл Групп”, “M энтертайнмент”, “Сэрүүн групп” болон хувь санхүүжүүлэгчдээс 100 хувь “боссон” гэдэг утгаараа дан ганц Монголын кино гэж овоглох бүтээл болсон нь бахархалтай.

 

Мөн тус бүтээлд АПУ ХК-ийн Чингис брэнд, Петровис группын Mobil болон Rolf брэнд, “Ялгуун” брэнд, Caffe Bene, S Outlet дэлгүүр хамтран ажилласан юм.

 

 

 

Казахстан улсын нээлттэй давхцан киноны продюсер Б.Амарсайхан “Синема Авардс 2019” наадмаас “Монголиан Коннекшн” киногоороо “Шилдэг продюсер” шагналыг хүртсэн байна.

 

Ийнхүү Монголын уран сайхны кино гадаад зах зээлд бүх кино театруудаар нь гарах анхны шанг татаж, шинэ жишгийг тогтоосонд жүжигчин, продюсер Б.Амарсайхан болон түүний багийнханд баяр хүргэж, энэ замаараа олон Монгол уран бүтээлийг дагуулах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье!

 

“Монголиан Коннекшн” уран сайхны кино Казахстан Улсын хэвлэл мэдээлэлд:

 

https://tengrinews.kz/cinema/sanjar-madi-i-jandos-aybasov-stali-prestupnikami-v-mongolii-368796/?fbclid=IwAR1f4l9ncDhcUUZO2PyTVHQQRnj8NYt36ZivjlYC3dxZlak5nj6_iXlGC40

 

http://almaty.kipyat.com/en/photos/show/19242?fbclid=IwAR0STFGxhoJqNju9M1EWWLjsVJaS_1cI9zm_xWu94OfgUoCqaKiaKSrtB-s

 

https://www.zakon.kz/4968517-kak-snimayut-boevye-stseny-v-filmah.html

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин