"Театрын өдрүүд" аялан тоглолт зохион байгуулагдав
2019-05-13

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТеатрын хамт олон 2019 оны “ТЕАТРЫН ӨДРҮҮД” хаврын аялан тоглолтоо 2019 оны 4-р сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд Дорнод, Хэнтий аймгуудад  амжилттай зохион байгуулав.

 

 

Монгол улсын төрөөс соёл урлагийн  талаар баримталж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн уран бүтээлээр  хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “ТЕАТРЫН ӨДРҮҮД” аялан тоглолтыг  2002 оноос эхлэн тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулж, үзэгч түмний  талархалыг хүлээсээр ирсэн билээ.

 

 

Энэхүү аялан тоглолт нь Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний нээлт болон Наран ургах зүгийн нутаг Дорнод аймгийн Чойбалсан хотоос эхэлсэн юм.

 

Аялан тоглолтын хөтөлбөртөө нас насны үзэгчдэд зориулсан  үндэсний түүхэн болон орчин үеийн,  хүүхдийн зэрэг бүхий л төрөл  жанарын  шилдэг бүтээлүүдээс дээжлэн  Б.Цогнэмэх “ТЭНГЭРИЙН ХҮҮ” түүхэн жүжиг, шинээр тайзны бүтээл болсон Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС” нийгэм уянгын драмын жүжиг, Э.Оюуны зохиол “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” уянгын драмын жүжиг, С.Михалков “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжиг зэрэг бүтээлүүдээ  50 хувийн хөнгөлөлттэй үнээр толилууж, нийт 21 удаагийн тоглолтоор орон нутгийн 7488 үзэгчдэд оюуны хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ  мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн мэргэжил арга зүйн сургалт явуулж, драмын урлагийн сурталчлах ярилцлага, ард түмнийг соён гэгээрүүлэх уулзалт лекцүүдийг хийн, нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа явууллаа.

 

 

Аялан тоглолтын  бүрэлдэхүүнд театрын удирдлага,  ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нийт 61 орчим уран бүтээлчид оролцлоо.

 

Аялан тоглолтын ахлагчаар СТА С.Болдэрдэнэ, Уран сайхны удирдагчаар МУГЖ Ж.Оюундарь, менежментийн багийн ахлагчаар СТА Б.Отгонбат, гишүүдээр АЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, менежер СТА Б.Гэрэл, З.Нямзул, ҮТХДарга Н.Батбилэг нар ажиллаа.

 

Нэн тэргүүнд театрын урлагаар амьсгалж сэтгэлийн цэнгэл эдлэн  өөрийн оюундаа хөрөнгө оруулалт хийсэн  орон нутгийн оюунлаг үзэгч түмэндээ талархалаа.

 

Энэ удаагийн аялан тоглолтыг аймгуудын Засаг дарга түүний Тамгын газар болон Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар, Хөгжимт драмын театр,  Дорнод аймгийн МСҮТ, ХЦ-ийн 0132 анги, Дорнод Их сургуулт, Цагдаа, Ольхон төв, Дорнод медиа групп, Хан хэнтий цогцолбор сургууль болон МСҮТ, Ханбүргэд ХХК, ЕБСургууль цэцэрлэгүүд, төрийн болон хувийн хэвшлүүд  дэмжин  хамтран ажилласанд талархалаа дэвшүүлье.

 

 

 

Эх сурвалж: УДЭТ

Shuud.mn
Сонин хачин