“Алтан үеийн аялгуу” тоглолт болно
2019-05-14

Монгол Улсын гавьяат жүжигчин В.Оросоо агсны мэндэлсний 80 насны ойд зориулсан “Алтан үеийн аялгуу” хэмээх хүндэтгэлийн тоглолт тавдугаар сарын 17-нд болох гэж байна. Уг хүндэтгэлийн тоглолтын талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай, С.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан Л.Баяр-Эрдэнэ нар мэдээлэл өглөө.

 

 

Соёлын тэргүүний ажилтан Л.Баяр-Эрдэнэ энэ үеэр “Бидний хүүхэд байхдаа сонсож өссөн нийтийн дууны ноён оргилуудын нэг В.Оросоо гавьяатын мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд В.Оросоо агсны үр хүүхдүүд олон сайхан ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Алтан үеийн аялгуу 2” хос цомог юм. Уг хос цомгийн эхнийхэд өөрийнх нь дуулсан уран бүтээл багтсан бол хоёр дахь цомогт түүний дууг бусад уран бүтээлчдийн дахин сэргээн дуулсан нь багтсан. Хос цомгийн нэрийн хувьд эхний цомгийг одоогоос 20 жилийн өмнө 1999 онд 60 насны ойд нь зориулан гаргаж байсан” гэж ярилаа.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзоригийн хувьд 1960, 1970-аад оны нийтийн дууны ноён оргил В.Оросоо агсны уран бүтээлээс дахин сэргээн дуулдаг уран бүтээлч. Тэрбээр “Монголын маань алтан үеийн “алтан” хоолойтой дуучин бол В.Оросоо агсан. Энэ гайхалтай сайхан уран бүтээлчийн 80 насны ой энэ онд тохиож байна. Анх намайг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад дуучин болоход манай ахмад уран бүтээлчид “Манай В.Оросоо гавьяатын залгамж халаа гарч ирлээ” гэж хэлж байсан. Миний хувьд энэ сайхан уран бүтээлчээрээ овоглон, дууг нь дуулж яваадаа баяртай байдаг. Миний анхны тоглолт 2008 онд “Миний Улаанбаатар” нэртэйгээр Монгол Бөхийн өргөөнд болж байсан. Ард түмэн маань ч гайхалтай сайхан хүлээж авсан“ гэв.

 

Энд дарж мэдээлэл авна уу.

 

А.СҮРЭН

Shuud.mn
Сонин хачин