50 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил гараанаас гарахад бэлэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж буй. Засгийн газрын тэргүүн өчигдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд очсон байна.

Тэнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах юм. 1968 оноос хойш буюу 50 жилийн тэртээгээс яригдаж эхэлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ирэх хавраас эхэлж, 40 давхар байшинтай ойролцоо өндөртэй бүтээн байгуулалт өрнөх юм.
Уг төсөл нийт 288.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжээгүй өндөр дүнтэй төсөл гэж хэлж болно. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт тогтсон Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдана.
УЦС-ын далан уснаас дээш 60 метр, газраас доош 20 метр, гурван метрийн өргөнтэй далантай бөгөөд 54 км2 усан сан бий болох юм байна.
Уг усан цахилгаан станц нь Ховд голын урсацыг ямар нэг байдлаар таслахгүй, голын голдиролыг өөрчлөхгүй,экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй, хавцлын өвөрмөц тогтоцод суурилсан гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан тайлбарлав.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ