Иргэн Д.Гантулгын эрх Хэнтийнхний эрхээр хязгаарлагдана
2019-05-15

 

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 11 улс төрийн хүчин өрсөлдөхөөр сонгуулийн төв байгууллагаас батламжаа аваад байгаа. Ирэх долоо хоногт Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвшигчид 10 гаруй хоногийн дараа тодорно.  Өөрөөр хэлбэл, энэ сарын 24-28-ны хооронд намууд нэр дэвшигчээ тодруулах юм. Гэхдээ улс төрийн хүчнүүдийг нэр дэвшигчээ хуулийн хугацаанд албан ёсоор тодруулан зарлахаас  өмнө таамаглал өрнөөд эхэлсэн. Парламентад суудалтай улс төрийн гурван хүчнээс өрсөлдөгчийн таамаглалд явж байгаа эрхмүүд өрсөлдөх нь бараг тодорхой болоод байгаа. Тиймээс АН, МАН, МАХН-ын бага хурал, чуулганаа хуралдуулж, өрсөлдөхөөр нь гарч байгаа эрхмүүдийг баталгаажуулах үлдээд байгаа гэсэн үг. Тэгээд ч Хэнтийд МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын гишүүн, Засаг дарга асан н.Оюунбаатар нар өрсөлдөх магадлал бараг батгаажаад байна гэж ажиглагчид үзэж байна. Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой тухай нутаг дэвсгэрт улс төрийн намууд судалгаа, тандалтаа жил тойрон хийж байна. Судалгааны байгууллагын саяхны гаргасан дүгнэлтээр Хэнтийчүүд намыг биш хүнийг сонгох хандлагатай байгаа нь ажиглагдсан.

 

Өнгөрсөн долоо хоногт эрх баригч хүчин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт, тэр дундаа УИХ-ын нөхөн сонгууль болох 42 дугаар тойрогт хамаарах Мөрөн, Жаргалтхаан суманд очиж, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Хэдийгээр нөхөн сонгуулийн өмнөх шоу гэдгийг Хэнтийхэн байтугай олон нийт мэдэж байгаа ч,  сонгогчдын магнайг хэсэгхэн зуур ч болов тэнийлгэв. Энэ долоо хоногт АН, МАХН-ынхан мөн Хэнтийд ажиллалаа. Гэхдээ эрх баригчдаас бусад улс төрийн хүчнийхний энэ сонгуулиар элдэв амлалт өгөхгүй нь тодорхой. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох сүүлийн нэг жилд Хэнтийн 42 дугаар тойргийг төлөөлөх эрхэм хийгээд улс төрийн хүчин дорвитой асуудал шийдэхгүй нь тодорхой. Гэхдээ нөхөн сонгуулиар улстөрчдөөр бодлогын хэмжээний  асуудлаа шийдвэрлүүлэх нь тойргийн сонгогчдод олдож байгаа давуу боломж гэж харж болно.

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын нөхөн сонгууль зарлаж, цаг хугацааны хуваарийн дагуу бэлтгэл ажил явагдаж байгаа энэ үед иргэн н.Гантулга ҮХЦ-д “УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын асуудал шийдэгдээгүй байхад сонгууль явуулж байгаа нь Үндсэн хууль зөрчлөө” гэсэн гомдол гаргаад байгаа. ҮХЦ иргэний гомдлыг хүлээн авнаас хойш 14 хоногийн хугацаанд хэлэлцэх эсэхээ шийддэг байна. Хэрвээ уг иргэний гомдлыг хүлээж аваад, хуралдаанаа зохион байгуулж, Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргавал УИХ дахин хэлэлцэнэ. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээс хамаарч нөхөн сонгууль явагдах эсэх дараагийн асуудалд шилжих юм. Гэхдээ энэ удаад иргэний гомдлыг ҮХЦ хүлээж авч, хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг УИХ түдгэлзүүлээгүй, өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс л УИХ-ын  42 дугаар тойрог төлөөлөлгүй жил гаруйн хугацаа өнгөрч байна. Өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөж, шалгагдаж байгаа учраас асуудал аль ч талд шийдвэрлэгдсэн нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн зөрчилгүй гэж сөрөг хүчин үзэж байгаа юм. Тиймээс ч АН уг асуудлыг улс төрийн захиалга гэдэг өнцгөөс харж байна лээ. Өмнөх УИХ-ын нөхөн сонгуулийн зарласан тогтоолыг “төрийн албан хаагчийн нэр дэвших эрхийг зөрчсөн” гэх иргэний гомдлоор ҮХЦ дүгнэлтээ гаргаж, УИХ хүлээн авч цуцлан, хуульд зохих заалтыг оруулсан.  Энэ нь мөн л улс төрийн захиалгатай байсан төдийгүй эрх баригч хүчний даргын хамаарал бүхий этгээд ҮХЦ хандсан байлаа. Харин ҮХЦ-д гомдол гарган нөхөн сонгуулийн товыг цуцалсан эрхэм энэ удаад нэр дэвшиж өрсөлдөх эсэх нь эргэлзээтэй байгаа.

 

Тэгээд ч хүчингийн хэрэгт холбогдож, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Д.Гантулга, Хэнтий төрд төлөөлөлгүй болсон сонгогчдын хэн нь хохирсон бэ, хэнийг нь эрх зөрчигдсөн бэ гэдгийг ҮХЦ бодолцох биз ээ. Ер нь бол иргэн Д.Гантулгын эрх Хэнтийнхний эрхээр хязгаарлагдана

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ёстой ичих булчирхайгүй бандааш юмаа. сонгуульд зарцуулах мөнгийг энэ малаас гаргуулах хэрэгтэй. хэнтийнхэн чамаас болж ямар ч төлөөлөлгүй дахиад нэг жил болох юм байна л да энэ гайтай бандаашаас болж.
2019-05-15