“Халуун сэтгэл in Japan” ТББ-аас Нийслэлийн амаржих газруудад хандив өгөв
8 өдөр

 

Япон улсад суралцаж, ажилладаг Монголчуудын төлөөлөл болох “Халуун сэтгэл in Japan” ТББ-ын хамт олон эрүүл мэндийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хандивлах зорилготой “МИГЭН" /Япон хэлнээс орчуулвал миннадэ гэнки буюу бүгдээрээ эрүүл байцгаая/ аяны хүрээнд Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрууд, ЭХЭМҮТ, Багануур болон Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгуудад нийт 5 сая төгрөгний үнэ бүхий багаж хэрэгслийг хандивлалаа.

 

Энэ удаагийн хандивын үйл ажиллагаа нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө 2 удаагийн үйл ажиллагааны хүрээнд нийт 11 сая төгрөгний үнэ бүхий нярайн судас тодруулагч аппарат, тариурын зүү устгагч аппарат зэргийг нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүд, нарийн мэргэжлийн нийт 42 эмнэлэгт хандивлаж байсан байна.

 

Тус байгууллагын гишүүдийн 90% нь оюутнууд байдаг бөгөөд сургууль, ажилынхаа завсар зайгаар сайн дурын ажил хийж, хоол хийж зарсан орлогоороо энэхүү аяны санхүүжилтийг төвлөрүүлдэг байна. Тэд хэлэхдээ Японд суралцаж, ажилладаг залуучуудын төлөөлөл бид бүхэн Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүд нь эрүүл чийрэг өсч торниж, иргэд нь эрүүл, өөрийн гараар сайхан амьдралыг цогцлоон бүтээж байгаасай хэмээн боддог учраас энэхүү төслийг олон жилийн турш үргэлжлүүлэн хийсээр байхыг хүсдэг гэдгээ хэлсэн юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Khuchee:
“Халуун сэтгэл in Japan” ТББ-н залуусдаа эх орноо гэсэн сэтгэлд нь, ийм гоё ажлуудыг зохион нийлж зохион байгуулж байгаад нь дахин дахин баярлалаа. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2019-05-15