Улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг байнгын, түр, явуулын цэгээр хийнэ
5-15

 

Жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор энэ сарын 15-25-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах юм.

 

Дархлаажуулалтын 10 хоногоор товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, эцэг эх, асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгийг өнөөдөр /2018.05.15/ аяны нээлтэд оролцсон эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар оролцсон юм.

 

10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-наас 25-ны хооронд:

 

БАЙНГЫН ЦЭГ: (Өрхийн эрүүл мэндийн төв)

 

ТҮР ЦЭГ: (Төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж) 

 

ЯВУУЛЫН БАГ: (төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны зах, орон нутагт бүртгэлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид, орон гэргүй, хогийн цэг дээр амьдардаг, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, дүүргийн алслагдсан хэсэг, эмнэлгийн хүүхдийн тасаг) зэрэг газруудад зохион байгуулж эхэллээ.

 

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ӨМНӨ ЭЦЭГ, ЭХ ТА ЮУГ АНХААРАХ ВЭ?


1. Хүүхдээ өрхийн эмчдээ үзүүлж, эрүүл мэндийн дэвтэртээ тэмдэглүүлсэн байх /хүүхдээ үзүүлсэн өдрөө вакциныг хийлгээрэй/


2. Хүүхдээ цадтал хөхүүлж, хооллосон байх


3. Хүүхдээ дулаан хувцасласан, өлгийдсэн байх


4. Хүүхдээ усанд оруулсан байх


ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДАРАА ЭЦЭГ, ЭХ ТА ЮУГ АНХААРАХ ВЭ?


1. Хүүхдээ 30 минут эмч сувилагчийн хяналтанд байлгаж ажиглаарай


2. Вакцин тарьсан газрыг хөндөхгүй, оролдохгүй байлгаарай


3. Дархлаажуулалтын дараа бага зэрэг халуурах, тарьсан газар хавдах, өвдөх, уйлагнах зэрэг хариу урвал илэрч болно. Хэрэв хүүхэд тань
38,5 хэмээс дээш халуурах, тасралтгүй чангаар уйлах болон бусад шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчдээ хандаарай.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Uvchin taraachih bii dee itgehed berh boljee.
2019-05-16
ЗОЧИН:
ХИР НАЙДВАРТАЙ БОЛ.
2019-05-15