Консерваторийн хамт олонд дуулгасан таатай мэдээ
2019-05-15

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр (2019.05.15) Монгол Улсын Консерватори (Хөгжмийн дээд боловсролын байгууллага)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

1937 онд Театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэй анх байгуулагдаж байсан Хөгжим бүжгийн коллежийг 2017 онд ангилал ахиулж, Консерватори болгосон юм.

 

Бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгодог шаталсан сургалттай, сургалт, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хэв шинжтэй дээд сургууль болгох ажлын хүрээнд хийсэн ажлуудаа захирал Ц.Пүрэвхүү, дэд захирал Ш.Ариунаа нар танилцуулж, бүрэлдэхүүний дөрөв болон ерөнхий боловсролын сургуулийн захирлууд уулзалтад оролцов.

 

 

Танилцуулга уулзалтын дараа Консерваторийн дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн зарим анги, бүжиг, тоглолтын танхимуудаар орлоо.

 

Консерваторийн хувьд корпус гурван байртай. Хичээлийн хуучин байр нь 1962 онд баригдсан бол сурагчдын байр, гал тогооны хэсэг нь 1967 онд ашиглалтад оржээ. Цаашид гал тогооны хэсгийг буулгаж, оронд нь Олон улсын циркийн сургууль болон сурагч, оюутнуудын дотуур байрны цогцолбор байгуулах ажлын зургаа гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн дотуур байранд 76 сурагч, оюутан амьдарч байна. Дотуур байрны нөхцөл муугаас гадна бүтэн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байгаа нь үнэхээр чамлалттай гэдгийг санхүүгийн ажилтнууд нь учирлаж байлаа.

 

 

Консерваторийн хувьд сургалтын хэрэглэгдэхүүн гэдэг нь хөгжмийн зэмсэгүүд байдаг онцлогтой. Сургалтын хэрэглэгдэхүүн, ерөнхий боловсролын сургуулийн ширээ, сандалын хүрэлцээ хангалтгүй байгаа нь анхаарах асуудлын нэг ажээ.

 

Сайдууд нөхцөл байдалтай танилцаад Консерваторийн дотуур байрны барилга болон сургалтын хэрэглэгдэхүүний төсвийг ирэх оны төсөвт суулгах боломжтой гэж үзлээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Shuud.mn
Сонин хачин