Дэгийг шинэчилж болох ч “дүрэм”-гүй гишүүд өөрчлөгдөхгүй
2019-05-16

УИХ-ын гишүүдийн ёсзүй, хариуцагыг дээшлүүлэх үүднээс Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хаврын чуулганаас биеийн давтагдашгүй үйлдлээ ашиглаж, хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгч байна.

 

Ингэснээр наанадаж хууль батлах санал хураалт явуулахад гишүүд захиаснаас ирцэнд хамрагдахгүй, хэн нэгнийхээ өмнөөс кноп дарахгүй биечлэн байх нөхцөл бүрдсэн. 600 сая төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжөөр УИХ-ын гишүүдийн  үндсэн ажлаа хийх асуудлыг шийдэж байна гэдэг нэг талаас техникийн дэвшилтэй мөр зэрэгцэж байна гэж харж болох ч  манай парламентын тухайд үндэслэл нь эмгэнэлтэй. Төр, түмний төлөө зүтгэнэ гэж тангараг өргөн сонгогдсон төрийн түшээд  хууль боловсруулах үндсэн ажилдаа хойрго ханддаг ч бүрэн эрхээ бүтэн эдэлсээр байдаг. Тиймээс ч гишүүдийг чуулган, байнгын хорооны хуралд биечлэн оролцуулах үүднээс хурууны хээний төхөөрөмжийг байршууллаа.

 

УИХ-ын гишүүд ёсзүй, хариуцлагыг чанга дуугаар ярих дуртай. Гэхдээ өөрсдөө ёсзүй, хариуцлагаараа үлгэрлэдэггүй нь наад захын хурлын ирц, санал хураалтаас харж болно. Ямар сайндаа л хурууны хээний төхөөрөмж байршуулж байх вэ дээ. УИХ-ын дэгийн хуулиар УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Тиймээс ч  ямар нэг асуудал хэлэлцэхэд, эсрэг тэсрэг байр суурьтай гишүүд хоорондоо маргалдаж, үнэн худал нь үл мэдэгдэх хийсэн хэрэг, хулгайг нь ярьж, хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болцгоосон.  УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын чуулганы танхимыг популизмын талбар болгож болохгүй” гэдгийг сонгогдсон цагаасаа онцолж, Дэгийн хуульд өөрчлөлт оруулахаа мэдэгдээд байгаа. Хурууны хээгээр ирц бүртгэж санал өгөх үйлдэл Г.Занданшатарын үед хэрэгжсэн ч, М.Энхболдын үед батлагдсан юм. Тиймээс “хурууны хээ” М.Энхболдоор авторлагдах бол шинэ спикер Г.Занданшатарын тухайд асуулт тавих, үг хэлэх гишүүдийг “Эрхэм гишүүн”-ээр нь онцлон, овог нэрээр нь дууддаг үлгэр байгаа нь парламентын уур амьсгалд эергээр нөлөөлдөг. Гэхдээ энэ “эрхэм гишүүн” гэдэг үгийг Г.Занданшатар дарга санаачлагч нь бус. Анх байнгын үйл ажиллагаатай парламент бүрдэхэд УИХ-ын гишүүд бие биенээ “эрхэм гишүүн тэр” гэж онцлон дуудаж байхаар тухайн үеийнхэн дэгэндээ тусгаж байсан гэдэг. Гэхдээ цаг хугацааны явцад уг дэгээ ажил хэрэг болгоогүй ирсэн. Харин өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар сэргээн хэрэглэж, хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.

 

Харин өнөөдөр УИХ-ын гишүүд өөрсдийн дэгтэй холбоотой зарим өөрчлөлт хийхээр хуулийн төсөл өргөн бариад байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах 7 зүйлтэй төсөл өргөн бариад байна. Өнөөдрийн хэрэгжиж байгаа УИХ-ын Дэгийн хуулиар анхдугаар хуралдааныг хамгийн ахмад нь УИХ-ын даргыг сонгож дуустал хуралдаан удирддаг. Үүнд өөрчлөлт оруулж “Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх”-аар төсөлд тусгажээ. Ер нь УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө ирц бүрэн, цагаасааа эрт ирсэн, төрдөө хүндэтгэлтэй хандаж, ихэвчлэн үндэсний Монгол дээрээ гоёсон байдаг. ГишүүнХ.Нямбаатарын өргөн барьсан хуулийн төсөлд “Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох” заалт тусгажээ. Ямар нэг хүндэтгэх шалтгааныг эс тооцвол тангараг өргөхгүй  үлдэнэ гэж юу л бол. Тэгээд тангараг өргөөгүй гээд УИХ-ын гишүүнээс татгалзсанд тооцно гэдэг нь дараагийн нөхөн сонгууль зарлаж,  тэр хугацааг хүртэл тухайн тойргийн сонгогчид төрд төлөөлөлгүй цалгардах, нөхөн сонгуулийн зардал гэж төсвийн мөнгө салхинд хийсэх,  сонгуулийн тойрсон попролт үргэлжлэх эрсдэл дагуулах нь мэдээж. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад гишүүд хэрхэн шийдэхийг харж л байя. Мөн төсөлд “шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байх”-аар тусгажээ. Өмнөхөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй, өөрсдийн асуудлаа хэлэлцэж, зарим зөв горимд шилжээд байгаа, тухайлбал, “хурууны хээ” уншуулахыг  зогсоовол яах вэ? Ер нь гишүүд өөрсдийн талд ашигтайгаар л зохицуулалт хийдэг нь үнэн. 

 

Цаашлаад “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх” гэжээ. Өнөөдрийн тухайд гишүүн бүр суудал дээрээсээ үгээ хэлж, асуултаа тавиад явах нөхцөл бүрдсэн байхад заавал индэр рүү мацах шаардлагагүй мэт. Чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүд үг хэлж, асуулт тавихдаа дараалалд ордог. Харин хэлж байгаа үг нь үнэн, бодитой, судалгаанд үндэслэснээг гишүүд өөрсдөө яаж баталгаажуулах вэ. Суудлаасаа үг хэлэхдээ биеийн өгөгдөл дээрээ анхаарч, хөмсгөө зангидаж, харцаа ширүүлж, хоолойгоо шахаж, нүдний шилнийхээ дээгүүр үе үе ширэв татдаг гишүүд, индэр дээр гараад зогсохоор бүүр ч сүр, хүчийг нэмэх биз.

 

Энэ хуулийн төслийг “УИХ-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг  УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс 2018 онд хийсэн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” судалгаанд суурилан, ХБНГУ, ОХУ, БНСУ, Австрали, Франц, Канад, Финланд зэрэг улсын парламентын дэгийг судалж, боловсруулжээ.

 

Ийнхүү гишүүд өөрсдийн хариуцлаг, ёсзүйг сайжруулахаар УИХ-ын дэгийн хуульдаа өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Үүнээс гадна одоо мөрдөгдөж байгаа дэгийн заалтаа хэрэгжүүлээд явахад заавал шинээр дэг зохиох шаардлагагүй л дээ, уг нь. Учир нь УИХ-ын Дэгийг шинэчлээд ч эрхээ эдэлж, үүргээ умартдаг “дүрэм”-гүй гишүүд өөрчлөгдөхгүй ээ, УИХ-ын дарга аа.  

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Seegii:
njjnhk
2019-05-16