АНУ-ын IT салбар ОНЦ БАЙДАЛ зарлалаа
2019-05-16

Америкийн мэдээ, мэдээллийг бусдад алдахаас сэргийлж, Ерөнхийлөгч Трамп онц байдал зарлалаа. Энэ талаар “ВВС”, “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр улсынхаа мэдээллийн технологийн салбарт ОНЦ БАЙДАЛ зарлалаа.

 

Тэрбээр энэ талаар мэдэгдэж, онц байдал зарлах захирамжинд гарын үсгээ зурсан байна.  Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу тус улсын технологийн салбарынхан үндэсний аюулгүй байдалд заналхийлж, олон улсад тархан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчдээс тоног төхөөрөмж худалдан авах, нийлүүлэхийг 100 хувь хориглолоо.

 

Ерөнхийлөгчийнхөө шийдвэрт сэтгэл хангалуун буйгаа АНУ-ын Харилцаа холбооны комиссын дарга Ажит Пэй “Энэ шийдвэр цаг үеэ олсон чухал шийдвэр байлаа” гэж мэдэгджээ.

 

Трамп БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийг “хар жагсаалт”-даа оруулах зорилготойгоор уг шийдвэрийг гаргажээ. “Huawei” компанийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлээс шахах нь тус улсын аюулгүй байдалд нэн тустай” гэж Трамп мэдэгдлийнхээ үеэр онцлов.

 

Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа “Huawei” компанийг БНХАУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажиллаж, олон улсад тархан тагнуул хийдэг хэмээн буруутгаж, холбоотнуудаа тус компанийн бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалсан юм.

 

Трампын мэдэгдлийг “Huawei” эрс үгүйсгэж, “АНУ өөрийн зохисон хуурамч үлгэртээ хэтэрхий их итгэчихээд байна. Бид Засгийн газрын хяналтгүйгээр бие даасан статустай компани” гэж хариу мэдэгджээ.

 

АНУ-аас гадна Австрали, Шинэ Зеланд улс үндэсний сүлжээндээ “5G” технологийг нэвтрүүлэхэд “Huawei” компанийг оролцуулахаас татгалзсан нь тус компани Европын зах зээлээс арчигдах эрсдэлтэй байна.

 

Мөн Британийн Засгийн газар “Huawei”-ээс татгалзахаар төлөвлөж буйг Батлан хамгаалах яам нь хэвлэлийнхэнд задруулсан юм.

 

Британийг алдах хүсэлгүй буйгаа “Huawei” уламжилж, Лондон хотноо өчигдөр болсон Бизнесийн бага хуралд тус компанийн тэргүүн Лян Хуа биечлэн оролцжээ. Лян Хуа  “Huawei” бусад улсын Засгийн газрууд болон тэр дотроо Британийн Засгийн газартай тагнуулын гэрээ байгуулах хүсэлтэй байна. Уг гэрээнд манай бараа бүтээгдэхүүн тагнуул хийхгүй гэдгээ баталж, цаашид тоног төхөөрөмжөө Британид нийлүүлэх хүсэлтэй байна” гэж мэдэгджээ.

 

“Huawei”-ийг олон улсаас тусгаарлах “хар бодлого” явуулж буйг тус компанийн үүсгэн байгуулагч  Рен Женфей Британийн “ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцлоод “Миний хөлс, хүчээр үүсгэн байгуулсан компани минь Засгийн газартай хамтарч, тагнуул хийдэг нь үнэн бол би яг одоо энэ компаниа хаах болно” гэж ярьсан юм.

 

Дэлхийн тэргүүлэгч компани болоод буй “Huawei”-ийн асуудлаас болж АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны дайн намжих бус улам хурцдаад байна.

 

Трамп нэг долоо хоногийн өмнө БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулсан бол Бээжин 72 цагийн дараа хариуг нь барьсан юм.

 

Японы нийслэл Токио хотноо ирэх сарын 7-нд дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 орны төрийн тэргүүн нарын “Их 20” дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана.

 

Уг уулзалтын үеэр ТРАМП-СИ нар уулзахаар болжээ.

 

Аргентинд өнгөрөгч онд болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр удирдагчид уулзахтай зэрэгцэн АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Канадын тал “Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчилсан юм. 

 

Тиймээс Бээжингийн тал Токио хотноо болох уулзалтад төдийлөн ач холбогдол өгөхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин