С.Чинзориг: Цалинг нэмэгдүүлэхдээ албан тушаалын ангиллыг шинэчлэх бодлого барьсан
2019-05-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

 

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт улс төрийн албан хаагчид болох сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, мөн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид болох зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХНХ-ын сайд С.Чинзориг хариулав. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Бид хуулийн салбарынхны цалинг асар их нэмэгдүүлсэн. Цалинг нэмэгдүүлээд ажилд хандах хандлага, үр дүн тодорхой гарч байна уу. Хувийн хэвшлийнхэн яах вэ? Бараа бүтээгдэхүүний өсөлтөд иргэдийн амьдрал хүнд байна. Үүнд Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ. 

 

-Засгийн газар цалинг нэмэгдүүлэхдээ эхний эхний ээлжид бага цалинтай албан хаагчдын цалинг нэмэх бодлого баримталсан. Тухайбал, багш, эмч, сувилагч нарын цалинг эхэнд нэмэгдүүлсэн. Дараагаар нь төрийн албан хаагчдын цалин нийтэд нь нэмэгдүүлсэн. Цалин нэмэгдүүлэхдээ албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх бодлого барьсан нь үр дүнтэй арга хэмжээ болсон гэж бодож байгаа. 2020 оноос эхлээд олон хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн асуудалд анхаарч байгаа. Олон хүүхэдтэй эхчүүд хүүхэд гаргасан тоогоор нь ажилласан жилийг нэмэх, хүүхдээ асарч байгаа эхчүүдийн НД-ийг төлдөг байх зэрэг хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангаад ажиллаж байна. Ингэснээр дорвитой өөрчлөлт гарна. 

 

Төрийн албан хаагчид ижил цалинтай байна гэдэг бодлого баримтлах нь буруу. Ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүс ч ажлын онцлогосоо хамаарч цалин нь өөр байх ёстой. Төрийн захиргааны болоод төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг бид тогтоох эрхтэй. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж,  хариулт авсны дараагаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёллоор санал хураалт явуулав. Дараагаар нь эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Н.Энх

 

 

 

 
Shuud.mn
Сонин хачин
ТҮ-ны албан хаагч:
ТҮ-ний албан хаагчийн ажилласан жилийг тооцдог болмоор байнаа.Шинээр ажилд орсон,насаараа ажилласан хүмүүс ижилхэн цалин авах юм
2019-05-17