Монголд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг

img

Сүүлийн өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулиудад сүрьеэ өвчин тархаж сурагчид олноороо халдварт өртсөн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн сүреэгийн тандалт судалгааны албанаас дараах мэдээллиййг хүргэж байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүрьеэ гэж ямар өвчин бэ? 

 

Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед  ЭДГЭРДЭГ өвчин юм.

 

Дэлхий дахинд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ?

 

Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаар жил бүр 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Нас баралтын 95% нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолдож байна. Дэлхийн хүн амын гуравны нэг нь (2.3 тэрбум хүн) сүрьеэгийн нянгаар халдварлагдсан байдаг.  Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин хэвээр байна. Сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэ тархаж байгаатай холбоотой дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. Үүний нэг тод илрэл нь 2017 онд ОХУ-ын Москва хотод дэлхийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны эрүүл мэндийн сайд нарын Дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж “Москвагийн тунхаг”, 2018 онд НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар сүрьеэгийн асуудлыг анх удаа хэлэлцэж, “Сүрьеэг устгах –НҮБ-ын улс төрийн тунхаг” бичгийг батлан хэрэгжүүлж байна.

 

Дэлхий дахинд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл хэр байна вэ?

 

Дэлхий дахинд 2017 оны тайлангаар 7.5 сая хүүхэд шинээр сүрьеэгийн халдвар авч, 1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилж, 233,000 хүүхэд сүрьеэгийн улмаас нас барснаас 96% нь сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаагүй байна. Эцэг эх нь сүрьеэгээр нас барсаны улмаас жил бүр ойролцоогоор 10 сая орчим хүүхэд өнчирч үлдэж байна.

 

Монгол улсад сүрьеэ өвчин тулгамдсан асуудал мөн үү?

 

Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 10 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байна. Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна.  Манай улсад жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж байгаа хэдий ч  сүрьеэгээс улбаалсан хүүхдийн нас баралт маш бага байна. Манай улсад сүрьеэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж, Монгол улсад “Сүрьеэг устгах” Улаанбаатарын тунхаг гарган хэрэгжүүлж байна.

 

Сүрьеэ хэрхэн тархдаг вэ?

 

Сүрьеэ нь нэг хүнээс нөгөө хүнд агаараар дамжин тархдаг. Уушги болон төвөнхийн сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, ярих, дуулах үед нян агаарт цацагдана. Ойролцоо байгаа хүмүүс эдгээр нянгуудыг амьсгалж, халдвар авдаг. Сүрьеэгийн нянгаар амьсгалсан хүний уушгинд нян суурьшиж, үржиж эхэлдэг. Тэндээс цусаар дамжин бөөр, нуруу, тархи гэх мэт биеийн бусад хэсгүүд рүү шилжиж болно. Уушги эсвэл төвөнхийн  сүрьеэ өвчний үед хамгийн их халдвартай байдаг. Энэ нь нянгууд бусад хүмүүст дамжин тархаж болно гэсэн үг юм. Бөөр, эсвэл нуруу гэх мэт биеийн бусад хэсгийн  сүрьеэ нь халдваргүй байдаг. Сүрьеэ өвчтэй хүмүүс ихэвчлэн өдөр бүр цагийг хамт өнгөрүүлдэг хүмүүст халдвар тараадаг. Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад, сургуулийн хүүхдүүд багтдаг.

 

Ямар орчинд сүрьеэгийн халдвар тархах өндөр эрсдэлтэй байдаг вэ?

 

Зарим орчин жишээлбэл эрүүл мэндийн байгууллага, хорих газар, асрамжийн газар, сургуулийн орчин зэрэг хүн ам олноор төвлөрсөн газруудад сүрьеэгийн халдвар тархах эрсдэл өндөр байдаг. Өсвөр насныхан ихэнх цагийг сургуулийн орчинд өнгөрөөдөг болох нь олон судалгаагаар тодорхой болсон боловч тэдгээрийн цагаа өнгөрүүлж, сурч боловсорч буй энэ орчин нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгаа эсэх нь улс  орон бүрт харилцан адилгүй байна.

 

Олон улсад хийгдсэн судалгаагаар өсвөр насны хүүхэд, залуучууд сүрьеэгийн халдвар авах, өвчилсөн тохиолдолд бусаддаа халдвар тараах эрсдэл ихтэй байдаг байна. Хүүхэдтэй холбоотой гарсан дэгдэлтийн тойм судалгааны дүнгээс харахад нийт дэгдэлтийн 89.1% нь сургуулийн орчинд, 5.5% сургуулийн автобусанд,  3.4% өдөр өнжүүлэх төвд, асрамжийн төв, хүүхэд асрах газруудад хамгийн бага буюу 3.1% нь бүртгэгдсэн байна. Эдгээр судалгаануудын хувьд халдварын эх уурхай нь 62.5% нь сурагч байсан бол 25.8% багш, автобусны жолооч 6.3% нь байснаас үзэхэд хүүхэд бие биеэсээ халдвар авч сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна.

 

Сүрьеэгийн халдвар тархахад нөлөөлдөг ямар хүчин зүйлс байна вэ?

 

Уушгины болон төвөнхийн сүрьеэтэй өвчтөн ханиах, найтаах, дуулах, ярих үед сүрьеэгийн нян агуулсан дуслыг агаарт цацах ба агааржуулалт муутай нөхцөлд сүрьеэгийн нян олон цагаар өрөө, тасалгааны агаарт хөвөн оршдог. Ингэснээр сүрьеэгийн нян бүхий бичил дусал агуулсан агаараар амьсгалснаар сүрьеэгийн халдвар авдаг. Сүрьеэгийн халдвар агааржуулалт муутай, хүн ам хэт бөөгнөрсөн орчинд маш хурдацтай тархдаг. Хүүхэд, өсвөр насныхан ихэнх цагийг гэр бүлийн орчноос гадна гадуур буюу сургууль дээр өнгөрөөдөг. Сургуулийн орчинд анги танхимд хүүхдүүд олноор цугларч, агаар сэлгэлт муутай байх зэрэг нь халдвар авахад шууд нөлөө үзүүлдэг. Монгол улсад хүйтэн сэрүүний улирал удаан хугацаагаар үргэлжилж, ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдлын аюулын улмаас цонх онгойлгож байгалийн агааржуулалт, агаар сэлгэлт хийх нөхцөл байхгүй болсон, үүний зэрэгцээ нэг ангид хичээллэх хүүхдийн нягтрал нэмэгдсэн зэрэг нь сургуулийн орчинд сүрьеэгийн дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлж байна.

 

Сүрьеэгийн далд халдвар гэж юу вэ?

 

Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодид амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхитэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг.

 

Сүрьеэгийн далд халдвартай хүмүүс нь:

 

  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
  • Ямар нэг зовиур шаналгаа байхгүй
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг
  • Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр өвчилж болзошгүй байдаг

 

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг.

 

Сүрьеэ өвчин гэж юу вэ?

 

Хэрэв дархлааны тогтолцоо нь сүрьеэгийн нянг өсөж үржихээс сэргийлж чадаагүй үед сүрьеэ өвчин үүсдэг. Хэрэв нян нь уушгинд суурьшвал уушгины эдийг гэмтээдэг. Зарим хүмүүст сүрьеэгийн нянгийн эсрэг дархлааны систем тэмцэж эхлэхээс өмнө халдвар авсаны дараа богино хугацаанд сүрьеэ өвчин үүсдэг. Хүүхэд, бага насны хүүхдэд дархлааны систем сул, бүрэн хөгжөөгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай хүмүүс дархлааны систем маш сул байдаг. Доорх хүмүүст дархлааны систем сул байдгийг анхаарах шаардлагатай. Үүнд:

 

  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид
  • Чихрийн шижин
  • Уушги тоосжих өвчин
  • Толгой, хүзүүний хорт хавдар
  • Лейкеми, Ходжикны өвчин
  • Бөөрний хүнд өвчин
  • Биеийн жин багатай
  • Зарим эмчилгээ (тухайлбал: кортикостеройд эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах )
  • Ревматойдны артрит эсвэл Крони өвчний өвөрмөц эмчилгээ

 

Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтэнийг гэмтээснээс хамаарч шинж тэмдэг илэрдэг, тухайлбал уушгины сүрьеэгийн үед доорх шинж тэмдэг илэрнэ.

 

  • Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цэр, цустай цэртай ханиалгах

 

Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:

 

  • Сульдаж ядрах
  • Биеийн жин буурах
  • Хоолны дуршил буурах
  • Жихүүдэс хүрэх
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

 

 

Сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчний хоорондын ялгаа

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүрьеэгийн далд халдвартай хүн

Сүрьеэ өвчтэй хүн

  • Ямар нэг зовиур, шаналгаа байхгүй
  • Ихэвчлэн зовиур, шаналгаа илэрнэ
  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
  • Доорхи шинж тэмдэг ихэвчлэн илэрнэ
  • Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цэр, цустай цэртэй ханиалгах
  • Сульдаж ядрах
  • Биеийн жин буурах
  • Хоолны дуршил буурах
  • Жихүүдэс хүрэх
  • Халуурах
  • Шөнө хөлрөх
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй

 

  • Сүрьеэгийн нянг бусад хүмүүст тараах боломжтой
  • Ихэвчлэн туберкулины арьсны эерэг байдаг

 

  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг

 

  • Цээжний рентген шинжилгээ хэвийн, цэрний түрхэц болон молекулбиологийн шинжилгээ сөрөг
  • Цээжний рентген шинжилгээ өөрчлөлттэй, цэрний түрхэц, молекулбиологи, өсгөвөрлөх шинжилгээ эерэг
  • Сүрьеэ өвчнөөс сэргийлж, сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай
  • Сүрьеэ өвчний шууд хяналттай өвөрмөц эмчилгээ хийлгэх шаардлагатай

 

 

СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН

 

Сүрьеэтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмийн тун бүрийг тогтмол  ууснаар бүрэн эдгэрэх боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BD:
Сүрьеэгийн халдвар сүрьеэгийн өвчлөл хоорондоо ялгаатай. Сүрьеэгийн далд халдвартай хүн бусдад халдвар тараахгүй. Дархлалаа сайн байлгаад нэмж халдвар авахгүй байх хэрэгтэй. Харин сүрьеэтэй хүн сүрьеэгийн эмчилгээнд заавал хамрагдаж, бүрэн эрүүлжих хэрэгтэй. Сүрьеэгүй Монголд амьдарцгаая
2019-05-17