Зөвшөөрлийг бусдад бэлэглэх, худалдах, барьцаалахыг хориглоно
2019-05-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Уг хуулийн төслийг С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүн өргөн барьсан юм. Дараагаар нь Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.  Уг хуулийн төслөөр зөвшөөрлийг кодын системд оруулах, журмыг хялбаршуулах, зөвшөөрөл олгох этгээдийг аргазүйн мэдээллээр хангахаар хуульд тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Уг хуулийн төсөлд 115 хууль дагалдан орж ирж байгаа юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Гишүүдийн өргөн барьсан Зөвшөөрлийн хууль, Засгийн газрын өргөн барьсан хууль агуулгын хувьд ижил. Тиймээс хэлэлцэх эсэхийг нь эхлээд шийдээд, ажлын хэсэг байгуулаад явъя гэсэн горимын санал гаргасан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсан гишүүний нэг байна. Энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлохыг хориглосон. Гэтэл шүүх дээр эвлэрлийн гэрээ бий болгосон байна. Ингээд буцаан сэргээж, Туул голыг аймшигтай болгосныг нүдээрээ харлаа хэмээв.  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

 

-Зөвшөөрөл олгох асуудал хэт замбараагүй явж байсан. Тиймээс бодлогын баримт бичгийг уялдуулах хэрэгтэй УИХ, Засгийн газраас гарсан тогтоол, журмыг уялдуулах хэрэгтэй. Гишүүдийн өргөн барьсан хуулиас зарчмын хувьд өөр зүйл байгаа. Зөвшөөрөл олгохтой холбоотой хуулиас гадуурх харилцаа үүсвэл зохицуулахаар байгаа. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх нөхцөлийг олгож байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Тусгай зөвшөөрөл авсан хүн эрхээ шилжүүлэх асуудал яриад байна. Л.Болд гэж шударга царайлсан  нөхөр Хятадын компанид эрх шилжүүлсэн байдаг. Тухайн үед зөрчилтэй үйлдлийг хийснээс болоод улсад онц их хэмжээний хохирол учирч байгаа. Газрын тосны зөвшөөрөл дээр зарим нэг тусгайлсан эрхийг цуцлаад, алдааг засах боломж байна уу? гэсэн асуултад

 

ЗГХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга н.Мягмар:

 

-Зөвшөөрлийг бусдад бэлэглэх, худалдах, барьцаалахыг хориглосон заалт оруулж байна. Зөвшөөрлийг анх олгоход зөвшөөрөл эзэмшигчдэд үүргийг нь зааж өгсөн. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Хүн компаниа зарахаар бүх эрхээ хамтад нь өгдөг. Тэгэхээр яаж тусгай зөвшөөрлийг үлдээх юм. 

 

ЗГХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга н.Мягмар:

 

-Хуулийн этгээд өөрөө өөрчлөн байгуулагдах, статус нь өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуулиар хэрэгжинэ. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Эрх нь дэндсэн, үүрэг нь багадсан дүрэм, журам их байгаа. Хуулиудад заагдсан бүрэн эрх үйл ажиллагаа явуулахад хүнд суртал бий болгодог. Тиймээс хуулиудад байгаа эрхүүдийг багасгах хэрэгтэй байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж,  хариулт авсны дараагаар үг хэллээ. 

Н.Энх

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин