АНУ-ын Элчин сайд Түвдэд нэвтрэх "алтан тасалбар" авчээ
2019-05-20

 

БНХАУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Терри Бранстед Бээжингийн дарангуйлал, хяналт дор оршин тогтнож буй Түвдэд айлчлал хийхээр хилийн дээс алхсан талаар "www.scmp.com" сайт мэдээллээ. 

 

"Элчин сайд Түвдэд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцах туйлын сонирхолтой" гэж АНУ-ын Элчин сайдын яам өмнө нь мэдээлж байв. Ноён Бранстед энэ сарын 19-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Чинхай муж болон Түвдийн өөртөө засах оронд айлчлах ажээ. 

 

Сайд айлчлалынхаа үеэр Түвдэд зохион байгуулагдах шашин, соёлын өвийн дурсгалт газруудад зочлохоос гадна албаны зарим хүмүүстэй биечлэн уулзахаар болсон гэнэ. 

 

Терри Бранстедийн өмнөх Элчин сайд Макс Баукус 2015 оны тавдугаар сард Түвдэд айлчилж байв. 

 

Бээжингийн эрх баригчид АНУ-ын иргэдийг Түвдэд нэвтрүүлэх туйлын сонирхолгүй гэхэд болно. 2018 онд гэхэд Түвдэд жуулчлалаар очихыг хүссэн есөн Америк тутмын тавд нь татгалзсан хариу өгчээ. 

 

1950 оны эхэн үед Түвдэд гарсан хөдөлгөөн 1959 онд гэхэд хурцдаж, бослого болон хувирсан түүхтэй. Бээжингийн эрх баригчид уг бослогыг хүч түрэмгийлэн нухчин дарсан юм. 1959 оны гуравдугаар сард түвдүүд амьд шүтээн болох Далай ламыг хятадуудад баригдахаас нь өмнө нутгаасаа гаргасан ба өнөөг хүртэл Далай лам Энэтхэг, БНХАУ-ын хилийн ойролцоох Дарамсала хотноо амьдарч байна. 

 

Түүнийг нутагтаа ирсэн тохиолдолд өчиггүй баривчлан ял асуухаа Бээжин мэдэгдсэн учир тэрбээр өнгөрсөн 60 жилийн турш нутагтаа хөл тавиагүй. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин