Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана

Австралийн уул уурхайн магнат, тэрбумтан Эндрю Форрест бүх хөрөнгөө буяны үйлсэд зарцуулахаар болсон талаар "www.forbes.com "сайт мэдээллээ.
Тэрбээр гэргий Николагийн хамтаар Сингапурт зочлох үеэрээ сайн үйлсийн “Minderoo Foundation” сандаа 655 сая австрали доллар буюу 460 сая ам.доллар хандивлаж буйгаа зарласан аж.
Хос 2009 оноос хойш сайн үйлсэд 1.5 тэрбум австрали доллар буюу 1.05 тэрбум ам.долларыг хандивлажээ.
Тэрбумтан эр "Амьдралын утга учир бол тусламж хэрэгтэй нэгэнд тусламж үзүүлэх явдал" гэж мэдэгдлээ. Түүний гол зорилго Сингапур дахь хандивын үйл ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй гэнэ.
Эндрю Форрестын нийт хөрөнгө 7.5 тэрбум ам.доллар бөгөөд тэрбээр Австралийн хамгийн баян 50 эрхмийн нэг юм.
Сонирхолтой нь тэрбээр амьдралынхаа туршид цуглуулж, хуримтлуулсан бүх хөрөнгөө эхнэр болон хүүхдүүддээ өвлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж "Би бүх хөрөнгөө бусдын сайн сайхны төлөө зарцуулах болно" гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ