Чехэд ажилладаг монголчуудын нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдлээ
5-21

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Чех Улсад хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын анхны айлчлал юм.

 

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичектэй албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт  хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ирэх 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

 

 

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Чех Улс ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлээд уламжлалт найрсаг харилцаа, ялангуяа бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Гадаад хэргийн сайд Томаш Петржичек хоёр улс газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог хэдий ч ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг онцлон дурдаж, Монгол Улстай харилцах харилцаа нь тус улсын гадаад харилцааны тэргүүлэх зорилтуудын нэг болохыг илэрхийлэв.

 

 

Сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”, “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон боловсрол, соёлын салбарын суурь гэрээ, хэлэлцээр болох “Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр”, “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын тохиролцоо”-нд гарын үсэг зурав.

 

 

“Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар Чех Улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Европын Холбооны орнуудаас хамгийн олон тооны буюу 9000 гаруй монгол иргэд Чех Улсад оршин сууж байна.

 

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1348 онд байгуулагдсан төв Европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд зочлон тус их сургуулийн удирдлагатай уулзалт хийсний зэрэгцээ Европ дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Карлын их сургуулийн монгол судлалын багш, оюутнуудтай уулзаж, санал солилцов.

 

Айлчлалын хүрээнд сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Куберад бараалхаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатараас илгээж буй Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг уламжиллаа.

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНЧУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин