Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжихгүй
2019-05-21

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай уг асуудлыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан юм.

 

 

Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгах талаар холбогдох албанаас судалгаа хийжээ. Ингээд олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Нийтдээ 7000 гаруй иргэн санал асуулгад оролцсоноос 70 гаруй хувь нь бүслэлийн хүрээг багасгахыг дэмжжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох албаныхнаас зарим зүйлсийг тодруулсан юм.  

 

Тэргүүлэгч Ш.Үнэнбат: -Ачааны автомашиныг хөдөлгөөнд оруулдаг зохицуулалт муу байна. Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрүүдийн улмаас ачааны автомашин явах боломжгүй болж, үүнээс болоод бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

 

ЗЦГ-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат: -Ачааны автомашины хөдөлгөөнд оруулах чиглэлээр замын цагдаагаас гаргасан дүрэм, журам байхгүй. Тэмдгээр зохицуулж явдаг. Тухайн автомашины зөвшөөрлийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгдөг.

 

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 102 дугаар тогтоолоор ачааны машиныг хөдөлгөөнд оруулах хязгаарласан бүсийн журам гаргасан. Тэр журам зөвхөн хотын төв хэсэгт л үйлчилдэг.

 

Тэргүүлэгч Б.Бямбадорж: -Замын хөдөлгөөний төлөвлөлт, нягтралыг багасгах талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар юу хийж байна вэ. Замын хөдөлгөөнийг хязгаарлаж хайс, хашлага тавьж байгаа тооцоо, судалгааг та бүхэн хийсэн үү. Хэн дуртэй нь замын зорчих хэсгийн чиглэлүүдийг хаасаар байх уу. Үүнийг ямар дүрэм журмаар зохицуулах юм бэ. Бүтээн байгуулалт ид өрнөж байхад барилгын материал зөөж, тээвэрлэж байгаа машинуудыг явуулах ёстой. Ийм үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрхэн өгч байгаа юм бэ?

 

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар С.Энхтөр: -Манай байгууллага өчигдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Эхний ээлжинд богино хугацаанд хийх ажлаа төлөвлөөд байна. Бид ойрын хугацаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг удирддаг төхөөрөмж суулгана. Түгжрэлтэй үед цагдаа замын хөдөлгөөнийг татдаг бус, автоматаар татдаг болгоно. Мөн уулзвар дээр чагталж ачаалал үүсгэдэг байдлыг зогсооно. Түүнчлэн автозогсоолын тоог нэмэгдүүлж, нийтийн тээврийн чиглэлд богино эргэлт хийхээр судалж байна. Түүнчлэн замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахад анхаарч ажиллана. Автомашины зохистой хэрэглээг бий болгох зорилгоор дугуйн зам зэргийг нэмэлтээр хийхээр төлөвлөсөн. Хайс, хашлагаар замын хөдөлгөөнийг зохицуулах нь хар цэгүүдэд тохиромжтой. Тэгэхээр хайс, хашлага гэхээсээ илүү тэмдэг, тэмдэглэгээ буюу замын мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үүнд анхаарч ажиллана.

 

Тэргүүлэгч Ч.Гантулга: -Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг юу хийж байна вэ. Зуны улиралд зуслан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ямар бодлого баримталж ажиллах вэ. Өвөл, зуны бүсчлэлийн судалгааг хэр хийсэн бэ. Орон сууцны хотхон доторх замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Ачаалал ихтэй хэсгүүдийн замын нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийх үү?

 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: -Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөврөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зун чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөврөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.

 

 

Ийнхүү Тэргүүлэгчид нэмэлт тодруулга авч, холбогдох албаныхан хэлэлцэж буй асуудлын хүрээнд санал хэллээ. Тухайлбал, Тэргүүлэгч Л.Нарантуяа "Сүүлийн жилүүдэд замын бүтээн байгуулалт буурсан. Төв магистрал шугамыг нэмж, шинэчлэх ажил хумигдсан. Тиймээс Засгийн газартай хамтарч, бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Томоохон авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх хэрэгтэй. Тэгж байж орон сууцны хотхон, хорооллыг авто замыг засвар, үйлчилгээг нийслэлийн төсвөөр хийх боломж бүрдэнэ" гэсэн бол Тэргүүлэгч Ё.Цацралтуяа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгойлон анхаарч, хайс, хашлага замбараагүй тавьдаг байдлыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжиж, зуны бүсчлэлийн тойргийг тогтоолы хавсралтаас хасав. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөх болж байна.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Shuud.mn
Сонин хачин