У.Хүрэлсүх: Аялал жуулчлалын салбарын хөгжилд жолооч нарын сэтгэл чухал
2019-05-21

“Аялал жуулчлалын хөгжилд Жолооч миний үүрэг” сэдэвт Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулган төрийн ордны Их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Эрхэм хүндэт жуулчин тээврийн жолоочид оо,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө

 

Юуны өмнө Эх орны өнцөг булан бүрээс “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛД ЖОЛООЧ МИНИЙ ҮҮРЭГ” Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтан мэндчилье.

 

Монгол Улсад Аялал жуулчлалын салбарын хөгжил жил ирэх тусам эрчимжиж, Монгол улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, тус салбараас олох орлого тасралтгүй нэмэгдсээр байна. Аялал жуулчлалын салбар нь газрын тос, хүнс, авто машины салбарыг давж, дэлхийн олон улс орнуудад нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон байна. Үүний нэг жишээ бол өнгөрсөн онд манай улсад гадаадын 529 мянга гаруй жуулчид аялснаар 569 сая ам.долларын орлогыг эдийн засагт оруулж, аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг бүрдүүлэн, 35 мянган ажлын байрыг бий болгосон.

 

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар 2020 он гэхэд нэг сая гадаадын жуулчин хүлээн авч салбарын орлогыг 1,1 сая ам.долларт хүргэх зорилтыг тавиад байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд жолооч нэг бүрийн оролцоо чухал бөгөөд  үүнийг төрийн зүгээс дэмжин, хамтран ажиллана. Би жолооч хүний хүүхэд. Аав ээж хоёр минь хоёулаа тээврийн жолооч. Тийм болохоор жолооч хүний амьдрал, ажил хөдөлмөр амьдралын минь салшгүй нэг хэсэг. Жолооч нарын зовлон жаргалыг ч сайн мэднэ.Та бүгдийн нуруун дээр зөвхөн гэр бүлийн чинь амьдрал төдийгүй монгол улсын аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хүнд ачаа явдаг гэж боддог.

 

Өнөөдөр жуулчин тээврийг хийхэд та бүхэнд ямар асуудал байна, ямар ололт байгаа тухайгаа энд ирсэн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудтай ний нуугүй хэлэлцээрэй. Жуулчин тээврийн салбарын жолооч та Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдын хувьд магадгүй хамгийн анхны уулзсан монгол хүмүүсийн нэг болдог. 

 

 

Аялалын эхний өдөр тэдэнтэй уулзаж, аяллын турш хамт байж, монгол орон, монгол хүний зан чанар, эерэг хандлагыг биеэрээ үлгэрлэж, монгол орныг зорин ирэх дараа дараагийн жуулчдын замыг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлст хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж яваа монгол улсын нүүр царай болсон жолоочиддоо баярлаж явдагаа илэрхийлье.

 

Аялалаар ирсэн жуулчдыг монгол орноор амар тайван, аюулгүй аялуулж олон сайхан дурсамжуудыг бий болгоход та бүхний хариуцлага, санаачлага, ажилдаа эзний ёсоор хандах сэтгэл чухал юм.

 

Одоо бид хүчээ нэгтгэн нэгдэх цаг болсон.

 

Энэхүү чуулганаар та бүхний өмнө тулгамдаж буй гол асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд ХҮЧЭЭ НЭГТГЭН хамтран ажиллацгаая. 

 

Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

Shuud.mn
Сонин хачин