Санхүүгийн хямралаас болж, Итали дахь Венесуэлийн Элчин сайд огцров
2019-05-22

Италид суугаа Венесуэлийн Элчин сайд Исаяа Родригез албаа үргэлжүүлэн хаших боломжгүй гэдгээ мэдэгдэж, огцорч буйгаа зарласан талаар  "www.telegraph.co.uk" сайт уламжлав.

 

 

Венесуэлийн Засгийн газар сүүлийн хэдэн сар Итали дахь Элчин сайдын яаманд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй учир Элчин сайд болон ажилчид нь санхүүгийн гүн хямралд оржээ. 

 

Элчин сайд твиттер хуудастаа Ерөнхийлөгч Николас Мадурод хандан "Элчин сайд төсөвгүйгээр албаа үргэлжлүүлэх нь үнэхээр бэрх юм" гэж жиргэсэн аж.

 

Тэрбээр ажилчдынхаа цалин, байрны түрээсийг төлөх чадваргүй болсон бөгөөд Элчин сайдын яаманд хуримтлагдсан өр хэдийнээ 9 сая еврог давсан гэнэ. 

 

Ром хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр Элчин сайд  Родригез "Энэ шийдвэрийг гаргах амаргүй байлаа. Бидний амьдрал, ахуй өдрөөс өдөрт доройтож байна. Үнэнийг хэлэхэд эхнэр минь аргагүй эрхэнд экс нөхрийнхөө авч өгсөн хувцас, зарим үнэт эдлэлийг зарсан. Бид энд ирэхдээ худалдан авсан авто машинаа зарахаар хичээж байгаа. АНУ-ын Засгийн газар намайг  хар жагсаалтад оруулсан тул Италийн банкнууд надад үйлчлэхгүй гэдгийг сайн мэдэж байгаа" гэж хэлжээ. 

 

77 настай Родригез 2011 онд Италид суух Элчин сайдаар томилогдон ирсэн аж. "Би өнгөрсөн хугацаанд улс орондоо үнэнчээр зүтгэсэн гэдгийг Ерөнхийлөгч мэдээсэй гэж хүч байна" гэж Элчин сайд мэдэгдлийнхээ төгсгөлд ярив. 

 

АНУ тэргүүтэй барууны орнууд Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог тус улсын хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж, Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагаахаар тэмцсээр байна. 

 

Харин ОХУ, БНХАУ тэргүүтэй орнууд Мадурогийн дэглэмийг хамгаалж, АНУ-ыг Венесуэлээс савраа татахыг сануулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин