ТЦА: Эрх сэргээхгүй, торгууль тэглэхгүй
2019-05-22

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Одоогоос 94 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс анх Замын хөдөлгөөний дүрэмтэй болжээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.05.22/ “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Мөн энэхүү өдөрлөгийн үеэр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг “Бяцхан зорчигч II” аяны нээлт боллоо.

 

Өдөрлөгт Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллага оролцож иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж байна.

 

Сүхбаатарын талбайг маш олон иргэд зорьж ирсэн байлаа. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэхээ хаясан гээсэн иргэдийн дахин үнэмлэх авах захиалгыг авч байна. Нэг ёсондоо заавал 100 айлд байрлах Лицензийн төв рүү явж үнэмлэх захиалах шаардлагагүйгээр өнөөдөр төв талбайг зориод үнэмлэхээ захиалах боломжийг бүрдүүлж төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж буй юм. Гэтэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож жолооны эрхээ хасуулсан, оноо нь дууссан зэрэг шалтгаантай зарим иргэд өөрсдөд нь давуу эрх олгох мэтээр ойлгож “өдөрлөгийн үеэр өршөөл үзүүлэх гэнэ” гэсэн ташаа мэдээлэл сонсоод ирсэн байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Лицензийн төвийн асрыг тойрон маш олон хүн оочерлон зогсчээ. Тэдний нэг иргэн Н.Сүхбаатар “Би цагийн өмнө ирээд оочерлосон. Хөдөө байдаг ахынхаа хуучин шар үнэмлэхийг шинэчлэн солиулах зорилгоор энд ирээд байна. Ажлын өдрүүдэд Лицензийн төв дээр очихоор ахыг маань заавал өөрийн биеэр ирэх шаардлагатай гэдэг. Хөдөө орон нутгийн хүн тэр холооос үнэмлэх л солиулах гэж ирнэ гэдэг хүндрэлтэй. Тиймээс энэхүү өдөрлөгийн үеэр солиод өгч магадгүй гэж найдаад л зогсож байна. Гэтэл энд мэдээлэл тодорхой бус байна. Дугаарлаад зогсож зогсож арай гэж очихоор банкинд мөнгөө тушаагаад ир, ТҮЦ машинаас тодорхойлолт аваад ир гээд буцаах юм. Чанга яригчаар мөнгөө тушаагаад, тодорхойлолтоо аваад ирээрэй гээд зарлачихвал дахин дахин дарааллан зогсох шаардлагагүй амар байна. Иргэд мэдээлэлгүй болохоор 2-3 цаг дугаарлаж зогсчихоод банк орж мөнгөө тушаагаад дахиад л араас оочерлож байна шүү дээ” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өдөрлөгт ирсэн л бол автоматаар оноогоо, эрхээ сэргээлгэнэ хэмээн бодож ирсэн нэгэн “дэмий ирлээ” хэмээгээд буцахтай таарлаа. Өдөрлөгийн үеэр автомашины татвар, оношилгоо, торгууль, оноо сэргээх, эрх сэргээхтэй холбоотой мэдээлэл өгч, сурталчлан таниулна гэснээс “Хүрээд ирвэл торгуулийг чинь тэглэнэ” гэж хэн ч хэлээгүй. Гэтэл иргэд ташаа мэдээлэл сонсоод “том горьдлого” тээн иржээ.

 

Үнэндээ өөрийн буруутай үйлдлээс болж оноогоо, эрхээ хасуулсан атал өдөрлөгт ирснийхээ төлөө бусдаас давуу байдал олгохыг хүсэх нь утгагүй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өдөрлөгийн үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Нээлттэй хаалганы өдөрлөгийн зорилго юу байв?

 

-Өнөөдөр Замын хөдөлгөөний дүрмийн төрсөн өдөр тохиож байна. 1925 оны тавдугаар сарын 22-нд Монгол Улсад анх замын хөдөлгөөний дүрмийг баталж байсан. Энэ баярыг далимдуулан ТЦА-ны нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү нээлттэй хаалганы өдрөөр бид иргэдийн амь нас, эрүүл мэндийг зам тээврийн ослоос сахин хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын үзүүлдэг үйлчилгээг нэг цэгээс иргэддээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Хоёрдугаарт бидний ирээдүй болсон бяцхан зорчигчдын маань амь нас зам дээр үрэгдсээр байна. Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болж эцэг эхийгээ зам тээврийн ослоор алдаад сэтгэл санааны гүн хямралд өртсөөр байгаа. Энэ бүгдийг бууруулах ямар боломж, гарц байгаа вэ гэдгийг олохоор иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү арга хэмжээг бид өнөөдөр зохион байгуулж байна.

 

-Жолооч нарт ямар боломж олгож байна вэ?

 

-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг, Авто тээврийн чиг үүрэг бүхий байгууллагууд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Оношилгоо, үзлэг, үнэмлэх, улсын дугаар зэрэг төрийн үйлчилгээгээ нэг дороос үзүүлэхийг зорьсон. Мөн биднийг дэмждэг чоперчин залуус, Аавуудын групп маань замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг уриалан дэмжин оролцож байгаа. Үр дүн нь маш өндөр гарна гэж ойлгож байна.

 

-Төрийн байгууллагууд нэг цэгээс үйлчилгээгээ үзүүлж байгаа ч эрхээ хасуулсан, оноо нь дууссан иргэдэд давуу байдал олгохгүй гэдгийг ойлгоогүй ирсэн хүн олон байна.

 

-Ямар ч давуу байдал олгоогүй. Тухайлбал нэг жилийн хугацаагаар эрхээ хасуулсан хүн байлаа гэхэд эрхээ сэргээлгэх хугацаа нь болсон ч эрхээ сэргээж амжаагүй явсан бол энд ирж мэдээллээ бүртүүлээд сургалтад хамруулж, үнэмлэхээ авах боломжтой л гэсэн үг. Түүнээс биш эрхээ хасуулсан хүмүүсийг өдөрлөг гээд “өршөөнө” гэсэн ойлголт байхгүй.  Тийм эрх зүйн зохицуулалт ч байхгүй гэдгийг өдөрлөгт оролцогчид маань зөв ойлгох хэрэгтэй.

 

Жолоодох эрхээ хасуулаад эргэн сэргээх, жолооны зөрчлийн оноо дуусаад нөхөн авах тохиолдолд сургалтад хамрагдаж, дүрмийн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд эрхээ сэргээлгэдэг байсан. Харин одооноос шалгалт өгөлгүйгээр дүрмийн сургалтад хамрагдаад шалгалт өгөлгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодоох эрхээ сэргээлгэдэг болжээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Бяцхан зорчигч” аян хоёрдахь жилдээ хэрэгжиж байна. Аяны нээлт өнөөдөр /2019.05.22/ боллоо.

 

Энэ талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Бяцхан зорчигч аяныг 2018 оноос Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ТЦА-тай хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эхлүүлсэн. Хоёр дахь удаагийн аяны нээлт өнөөдөр болж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн ТЦА, Замын цагдаа нарын ажил мэтээр ойлгож тэднээс хариуцлага нэхэх тогтсон хандалага бий болсон. Гэтэл өнөөдөр хүүхдээ автомашин дотроо тээвэрлэж яваад осолд өртүүлж амь насыг нь аюулд оруулсан эцэг эх, хүүхдээ хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулаад эрсдэлд оруулсан эцэг эх, хүүхдээ дагуулаад гарцгүй газраар зам хөндлөн гардаг эцэг эх ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг бид бодох ёстой. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл зам тээврийн ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эхийн хамт хөдөлгөөнд оролцож яваад амь насаа алдсан байна. Мөн бага насны хүүхдүүд ямар ч хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож яваад амь насаа алдсан байна. Тийм учраас аливаа асуудал, осол гэмтэл гарсны дараа хариуцлагын талаар ярих биш өнөөдөр дор бүрнээ хариуцлагатай байж, эцэг эхчүүд хүүхдүүдээ осол, гэмтлээс хамгаалах урьдчилсан алхмыг хийж байх ёстой” гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ха ха горидсон малууд вэ. зүгээр л дүрмээ баримтлаад. зөрчихгүй л яв л да. юун өршөөл вэ. даварсан эргүү оркууд вэ. та нарт зориулж сургалт явуулж байнаа гээд л ойлгочих.
2019-05-22