Нам нь Д.Амарбаясгалангийн, Засаг нь Л.Оюун-Эрдэнийн мэдэлд байна
2019-05-23

Энэ тавдугаар сарын эхний хагаст Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө ажиллалаа. Хэнтий, Ховд, Говь-Алтай аймгуудаар явсан. Нөхөн сонгууль зарлагдаад байгаа Хэнтий аймагт л гэхэд 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт амлалаа гэж хэвлэлээр шуугив.

 

Ховдод “…Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эрчимтэй барина” гэж, Говь-Алтайд “…Цэвэр усны 54 км урт шугам татна” гэж яриад иржээ. Харин энэ хооронд Улаанбаатарт, улсыг хамарсан таагүй явдал хэд хэд болоодхов. Монголбанкны ханшаар ам.доллар 2019 оны тавдугаар сарын 1-ний байдлаар 2.643.07 төгрөг байсан бол 2.645.21 төгрөг болж өсөв. Энэ өсөлт өчигдөр гэхэд 2.647.76 төгрөг болсон байлаа.

 

2019 оны тавдугаар сарын 15-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.7 хувь, өмнөх долоо хоногтой харьцуулахад 10.6 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүнийг задалбал, ямааны ястай махны үнэ 37.5 хувь, адууны ястай махны үнэ 36.7 хувь, үхрийн ястай махны үнэ 23.6 хувь, хонины ястай махны үнэ 22.4 хувь, үхрийн цул махны үнэ 21.9 хувиар байна.

 

Мөн дизелийн түлш, АИ-95, АИ-93 автобензиний үнэ 2019 оны тавдугаар сарын 1-15-ны хооронд өсөөд, дизелийн түлш 2370, АИ-95 автобензин 2280-2290, АИ-93 автобензин 1860 төгрөгөөр ШТС-уудаар худалдаалагдаж байна.

 

Товчхондоо, Ерөнхий сайдыг хавар зуны заагаар нөхөн сонгуулийн тойрогт “өвлийн өвгөн” адил төсвийн хөрөнгөөр бороо оруулж явахад хүнсний гол нэрийн бараанууд, шатахууны үнэтэй хамт тэнгэрт гарав. Эднээс мах магнаг болсныг олон нийт бодитойгоор мэдэрч авлаа.

 

Ерөнхий сайдыг хөдөөгүүр явж байх үед маш ноцтой нэг зүйл болсон нь Хан-Уул дүүргийн, ерөнхий боловсролын XV дунд сургуулийн 529 хүүхдэд сүрьеэ өвчний халдвар илэрлээ. Мөн 97 дугаар сургуулийн 70 орчим хүүхдээс ийм халдвар илэрсэн гэх мэдээлэл бас тарсан.

 

Ардуудын амьдрал ийм байдалтай донсолж байхад улстөрийн хүрээнд  ч бас “уйдаахааргүй” явдлууд олон болж өнгөрөв. Оюутолгойг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг” Рио Тинто” руу явуулсан ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир, эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, энэ аргаар шүүхээс яла авах гэж байсан Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг суллаж авсан Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын “хэрэг” ил болж ард түмнийг нийтээр нь бухимдуулав.

 

Д.Дамба-Очир эхэндээ “..Би “Оюутолгой” ХХК руу бичиг явуулаагүй” гэж гүрийсэн. Гэвч УИХ-ын Тамгын газрын ажилтан “…Тавдугаар сарын 3-ны өдөр Д.Дамба-Очир дарга явуулсан” гэж нотолсон юм.

 

Ш.Раднаасэд ч “хэрэг”-ээ хүлээгээгүй. Тэрээр “…Нэг нь буюу МХЕГ-ын байцаагч асан Н.Баярсайхан надтай нэг төгсөлтийнх нь үнэн. Дэд сайд асан Б.Энхбаяр, одоогийн дэд сайд Г.Элбэгсайхан ч манай төгсөлтийнх. Надтай нэг төгсөлтийнх 130 гаруй хүнийг хэрэг төвөгт холбогдохоор нь Ш.Раднаасэд ард нь байна гэж ярих нь байж боломгүй зүйл юм. Э.Аззаяа гэж хүн намайг МХЕГ-т ороход ажиллаж байсан. МХЕГ-т ажиллаж байсан 2000 гаруй байцаагчийн үйлдсэн хэрэг болгоны ард Ш.Раднаасэд байна гэж ярих шиг том гүтгэлэг байж болохгүй ээ. Сүүлийн үед Ш.Раднаасэдийг харлуулах, борлуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Үүнийг манай намаас болон бусад намаас ч хийж байгаа” гэв.

 

Гэвч Оюутолгойн гэрээнүүд Монгол Улсад ашиггүй болсон нь нэгэнт илэрхий болж, энэ гэрээнүүдийг баталсан Засгийн газрын албан тушаалтнууд эрүүгийн хэргээр шалгагдаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа ч гэсэн нийгэмд асар хохирол учруулсан дээрх мэтийн гэмт хэргийг энэ шалтгаанаар “цагаатгах” цорго нь болж байгаа юм. Удахгүй ээлж дараалаад “…Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир” гэдэг үндэслэлээр олны анхааралд өртсөн хэргүүд, түүнд холбогдсон этгээдүүд сул чөлөөтэй болно гэсэн үг.

 

Харамсалтай нь Монгол Улсын нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралд болж буй Энэ бүх үйл явдлуудад Ерөнхий сайдын байр суурь, үйл ажиллагаа тодорхой харагдсангүй. Харин эдгээр болж буй үйл явдлууд дээр улс төрийн тоглолт хийж буй хоёр ч хүнийг бид хардаг боллоо.

 

Хүссэн хүсээгүй МАН л, МАН-ын Тусгаар тогтнолын ордонд л Монголын амьдралыг шийддэг болчихоод байна. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын хувьд Төрийн ордонд ч, Тусгаар тогтнолын ордонд ч улс орныхоо асуудлыг шийддэг болж таарах гээд байгаа юм. Гэвч үгүй. Түүний оронд МАН-ын зүгээс гарч буй улс төрийн бүх шийдвэр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийнх байдаг аж. Үүнийг ил болгосон нэгэн үйл явдал МАН-ын дарга У.Хүрэлсүхийг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн 2020 онд нэр дэвших сонгуулийн тойрогт ажиллаж байх үед боллоо. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар хэвлэлийн бага хурал зарлаж, Д.Дамба-Очирг, Ш.Раднаасэд нарт МАН таван жилийн туршид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэв.

 

Дараахан нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Улаанбаатарт ирж УИХ дахь бүлэг, намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж Д.Батбаатарын мэдэгдлийг буцаасан. Гэвч үүнийг олон нийт 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын генсекийг Говь-Алтайд нэр дэвшүүлэх замыг зассан ажиллагаа боллоо гэж үзэцгээсэн. Угаасаа Д.Батбаатар гэдэг хүн хэн нэгэн даргын заавар тушаалгүйгээр том толгой гаргах “хүмүүжил”-тэй хүн биш гэдгийг МАН-ынхан ч ярьж байгаа юм.

 

Энэ бол нэг л жишээ. Энэ мэтээр Д.Амарбаясгалан нь МАН-ын удирдлагын эрхийг бүрэн хэрэгжүүлдэг болоод байгааг тус намынхан хэлдэг болоод хэдэн сар болж буй билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Засгийн газрыг ЗГХЭГ-ын даргаар томилогдоод дөрөв дэх сарынхаа нүүрийг үзэх гэж байгаа Л.Оюун-Эрдэнэ удирддаг болчихсон. Энэ тухай Монголын төр даяар ярьж байна. Хэдхэн хоногийн өмнө магнаг болсон махны экспортод ТЕГ-аас ажиллагаа явуулсан. Махны үнийг зохиомлоор өсгөсөн байж болзошгүй гэх мэдээллийг дагуу хийгдсэн энэ ажиллагааны чиглэлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгчээ.

 

Ингэж ажиллагаа явуулсны дараа махны үнэ хэвэндээ л байна. Буурсангүй. Харин хууль эрхзүйн зөрчил ил болов. ТЕГ бол Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. Энэ утгаараа ТЕГ-т Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өгөх ёстой. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгөх эрхгүй. Ер нь ЗГХЭГ-ын дарга гэдэг бол Ерөнхий сайдын “тогооны хүн” шүү дээ. “Тогооны хүн” гэрийн эзний өмнөөс бусадтай том том ярьж болохгүй.

 

Монгол Улсын Засгийн газар, МАН хавиар өрнөж буй эрх мэдлийн хуваарилалт иймэрхүү байна. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх гэж “сувинер” шахуу болчихсон. Хөх дээл өмсчихөөд хөдөөгүүр хөвсөлзөөд л… Сонгуульдаад ч байгаа юм шиг, сурталдаад ч байгаа юм шиг…

 

Ингэтэл ард нь У.Хүрэлсүхийн хашдаг улсын хоёр том албан тушаалыг хоёр залуу нэг нэгээр нь өмчлөөд авчихсан үзэж тарж байна.

 

Хамгийн гол нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд, МАН-ын даргын тухайд “амьдрал” руу  орохгүй байгаа бололтой юм. Тиймээс намыг нь Д.Амарбаясгалан, засгийг нь Л.Оюун-Эрдэнэ мэддэг болчихсон байна. Амьдрал дээр сайн ах дүү байж болно. Гэтэл бүхэл бүтэн улс орон, 100 жилийн түүхтэй намыг итгэлтийн журмаар дүү нартаа хариуцуулаад явж болохгүй.

 

У.Хүрэлсүхийн зураг “…Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд” гээд Төрийн ордны хананд өлгүүлэх нь тодорхой. Тиймээс У.Хүрэлсүхийн энэ цаг үеийн алдаа У.Хүрэлсүхдээ л наалдаж түүхэнд үлдэнэ. Түүнийг нь түүх хуваагаад энэ нь Д.Амарбаясгалангийнх, тэр нь Л.Оюун-Эрдэнийнх гэхгүй билээ.

Эх сурвалж:Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Одоо болтол шүдгүй арслан хэвээрээ байгаамуу
2019-05-24
Зочин:
ХҮРЭЛСҮХ ШААЖ СУРСАН ЛАЛАР
2019-05-24
Хөөрхий дөө.Олон жилийн туршлагатай нам ойворгон мэргэшээгүй эрх мэдэлд дуртай хоёр гурван залуугийн аманд багтаж алингаа алдаж нэр сүрээ шаварт хутгаж байна даа. Амарбаясгалан нам биш ном хэвлүүлэх ажлаа, Оюунэрдэнэ энд тэндэхийг шалгаж мэдээлэх ажлаа хийх хэрэгтэй. Тэр дундаа Монгени сургуулийг сайн шалгаадах даа. Яс юман дээр тэнд чинь Солонго гэж хүүхэд хүмүүжлийн төв байсан одоо аав чинь өөрийн мэдлийн хувийн сургууль шахуу болгочихоод байгаа шүү
2019-05-24
уншигч:
Бензин А-92 петровисийн колонкуудад 1940 бна лээ, яагаад 1860 гэж бичээд бгаам бол оо?!
2019-05-23
Оюук Амарбаясгалан нар:
2 ЗАЛУУ ШУЛУУХАН ДАЙРЧ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛ ДЭМЖИЖ БАЙНА
2019-05-23
ЕС бас л шүдгүй болчих вуу даа.
2019-05-23
Edene:
Засгийн газар гэдэг чинь нэг хүнийх биш, хамтын шийдвэр, намын өдөр тутмын ажлыг EНБ нь явуулдаг гэдгийг мэддэггүй хүн бичсэн юм шиг. Eр нь гажуудсан зүйлийг л засах ажил хийгдээд байгаа юм биш үү.
2019-05-23
зочин:
Бөгс долоогч л байна
2019-05-23
Chi yaasan ineedtei yum be”?
2019-05-23
ЗӨВ ЗҮЙЛ:
ЭНЭ ОДОО ЮУ ГЭХ ГЭЭД БАЙНА ДАА. ЗӨВ АЖЛЫГ ХИЙЖ БАЙВАЛ ХЭН ХИЙХ НЬ ТИЙМ ЧУХАЛ УУ. АГУУЛГА НЬ ЗӨВ БОЛ ХЭЛБЭРИЙГ ЯАЖ ХИЙХ НЬ ЧУХАЛ БИШ
2019-05-23
Chi yaasan ineedtei yum be”?