Нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр боллоо

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэллээ. МАХН-аас тус намын дарга Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшихийг өнөөдөр албан ёсоор зарлалаа. Тус намын бага чуулганы гишүүдийн олонхын саналаар Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшихээр болов.

Тэрбээр “Надад итгэл хүлээлгэж, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан бага чуулганы гишүүддээ баярлалаа.
42 дугаар тойргийн нөхөн слнгуультай холбоотойгоор нийгэмд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Бид ямар нүүрээ очих билээ гэж айж байгаа. Итгэлийг нь даагаагүйгээ мэдэж байгаа.
Нэг хэсэг богино хугацаа үлдсэн учраас энэ сонгуулийг явуулах хэрэггүй гэж ярьж байгаа. Бид үүнийг бодсон, Хэнтийн сонгогч нартай очиж уулзсан. Сонгогчид маань Үндсэн хуулийн гол зарчмаар төлөөллийн хүнээ УИХ-д сонгож, эрх ашгаа хамгаалуулах ёстой гэж байна. Тэдний саналыг хүндэтгэж байна.
МАН, АН-ынхан аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Очоод тэрбум тэрбумыг амалж байгаа. Мөнгө тарааж эхэлсэн. Хулгайн мөнгийг авсан ч саналаа шударгаар өгнө гэж найдаж байна. МАН, АН луйвараар л ялна. Тиймээс бид энэ сонгуульд ард түмэнтэйгээ хамтран шударга сонгууль хийж, шударгаар ялахаар өрсөлдөж байна. Амаргүй сонгууль болно” гээд шударгаар өрсөлдөхийг намуудад уриаллаа. Мөн МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр хэнтийчүүдийн итгэлийг даана гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 06 дугаар сарын 30-нд болно. Тус сонгуульд 11 нам оролцохоор СЕХ-ноос батламжаа аваад буй. Намууд нэр дэвшигчдээ энэ сарын 24-28-нд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх хуультай юм.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ