АНУ-ыг буулгаж авах КИМ-ийн гэдийлт
5-27

Хойд Солонгос АНУ-тай хийх цөмийн зэвсэггүй болох хэлэлцээрийг сэргээхээс татгалзжээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг дамжууллаа.

 

 

“АНУ нөхцөл байдлыг үнэлэх өнөөгийн аргаасаа зайлсхийж, шинэ арга барил санал болгохгүй л бол БНАСАУ болон АНУ-ын хооронд дахин ямар ч хэлэлцээр болохгүй” хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны албан ёсны  төлөөлөгч мэдэгдсэн байна. Мөн БНАСАУ цөмийн туршилтаасаа татгалзах зэргээр чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн ч АНУ үүнд ямар ч байдлаар хариу өгөөгүй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ.

 

Түүний зэрэгцээ АНУ Ханойн уулзалт амжилтгүй болсны хариуцлагыг БНАСАУ-д тохохыг хичээж байгаа хэмээн Хойд Солонгос үзэж байна. Харин үүнийхээ оронд “бодит байдалд эргэн ирж, шинээр хэлэлцээр хийхэд суралцах хэрэгтэй” хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-д зөвлөжээ.

 

Эргэн сануулахад, энэ оны хоёрдугаар сарын27-28-ны өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт болсон юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэлэлцээр товлосон хугацаанаасаа хоёр цагийн өмнө дууссаны дээр, уулзалтын дүнгээр талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй учраас хамтарсан мэдэгдэл ч гаргаагүй. Гэсэн ч хоёр тал дахин уулзаж, цөмийн зэвсэггүй болох талаар хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлж байлаа.

 

“Хашир” Ким 

 

Ханойн хэлэлцээр бүтэлгүйтсний шалтгааныг тухайн үед олон улсын шинжээчид янз бүрээр л тайлбарлаж байв. Харин Ройтерс агентлаг өөрийн олж авсан эх сурвалж дээрээ үндэслэн, Ханойн хэлэлцээр АНУ-ын тулган шаардалтаас болж бүтэлгүйтсэн гэсэн утга бүхий мэдээллийг цацаж байлаа.

 

Тодруулбал, АНУ-ын тал Хойд Солонгост гаргасан санал бичигт БНАСАУ-ын цөмийн дэд бүтэц, биологийн болон химийн зэвсэг бүтээх хөтөлбөрүүдийг устгах, бүхий л баллистик пуужин, хөөргөх төхөөрөмж, тэдгээртэй холбоотой объектуудыг ул мөргүй болгохыг уриалсан байсан хэмээн Ройтерс агентлаг мэдээлсэн юм.

 

Түүгээр ч зогсохгүй Америк болон олон улсын шинжээчдийг нэвтрүүлэхийг шаардсан гэнэ.  Энэ санал нь Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны боловсруулсан, өмнө нь БНАСАУ удаа дараа хүлээж аваагүй, цөмийн зэвсэггүй болгох талаарх эртний, хэт хатуу нөхцөлтэй “Ливийн загварчлал”-ыг агуулсан байх магадлалтай гэж Ройтерс мэдээлж байлаа.

 

Энд дуулгахад, олон улсын хориг арга хэмжээг цуцлуулахын тулд 2003 онд Ливи улс үй олноор хөнөөх зэвсэг боловсруулахаас татгалзан улмаар олон улсын шинжээчдийг нутагруугаа оруулж байлаа. Чухамхүү үүнээс эхлэн Ливид ар араасаа “гаднаас түрэмгийлсэн”, “ардчиллыыг тогтоох” нэрийн дор үйл явцууд өрнөн, өдгөө дайны хөлд үрэгдээд буй энэ улсыг нэгэнтээ тивээ түүчээлж байсан гэж хэлэхэд хүн итгэмээргүй дүр төрхтэй болсон юм. Тиймдээ ч энэ бүхнийг нүдээрээ харсан ноён Ким Ливид тулгасан шиг санал бичгийг тийм ч амархан хүлээгээд авчихааргүй  хүн гэдгээ,мөн БНАСАУ АНУ-ын баримталж буй бодлогод “дургүй байгаагаа”  удаа дараа харуулав.

 

Учир нь АНУ найр тавьсан тохиолдолд хэзээ мөдгүй цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтуудаасаа татгалзахад бэлэн байсан Хойд Солонгос Ханойн хэлэлцээр бүтэлгүйтснээс хойш хэсэгхэн хугацаанд ажин түжин байгаад энэ сард  Дорнод Хятадын тэнгисийн зүг хоёронтоо бага тусгалт пуужин хөөргөсөн юм.

 

Харин Трамп үүнд огтхон ч санаа зовохгүй байгаа гэдгээ илэрхийлсний дээр пуужингийн туршилтыг зогсоох үүргээ Ким Жон Ун биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа саяхан илэрхийлэв. Тодруулбал, тавдугаар сарын 26-ны өдөр Трамп твиттер хуудаснаа “Хойд Солонгос жижиг хэмжээний зэвсгээр буудлаа, энэ нь манай зарим хүмүүсийг тавгүйтүүлсэн бололтой. Харин намайг бол үгүй ээ” хэмээн бичжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баттогтох:
Маш сайхан мэдээ солонгосчуудыг дэмжиж байгаа шүү манай монголчууд Америкуудад бүү бууж өг
2019-05-27
m:
Manai hediig bodvol honshoortoi huuhed yum
2019-05-27