Tiktok-ийг хөгжүүлэгч компани ухаалаг утас гаргана 
2019-05-28


Дэлхийн хамгийн үнэтэй стартапуудын нэг Хятадын Bytedance компани ухаалаг гар утас гаргахаа төлөвлөж байгаа талаар The Financial Times мэдээллээ. 

 

 

Хятадын энэ компани  сүүлийн саруудад жагсаалтад байнга тэргүүлж байгаа Tik Tok апликейшнээрээ олон улсын зах зээл дээр илүүтэй алдартай болсон юм. 


Ийнхүү олон улсын зах зээл дээр богино хугацаанд алдаршсан компани өөрийн гэсэн гар утастай болох гэж байгаа талаарх мэдээллийг албан ёсоор тайлбарлахаас татгалзсан байна. 


Гэхдээ төрөл бүрийн сувгаар дамжуулан хэрэглэгчдийг ихээр татахаар хичээж байгаа нь дараагийн бизнес төлөвлөгөөтэй нь шууд холбоотой гэж эх сурвалж мэдээлжээ. 


Энд дуулгахад, энэ оны нэгдүгээр сард Bytedance компанийн төлөөлөгчид хэд хэдэн патент авч, мөн Smartisan гар утасны үйлдвэрлэгчийн ажилтнуудыг хөлсөлсөн гэдгээ батлаж байлаа. Гэхдээ энэ нь боловсролын салбар дахь санаачилгатай холбоотой хэмээн тайлбарлаж байв. 


Харин The Financial Times –ийн мэдээлснээр Bytedance компанийг үүсгэн байгуулагч Чжан Йимин “эртнээс Bytedance апликейшн суулгасан гар утас бүтээх мөрөөдөлтэй байгаа” гэнэ.  Мөн тэд ойрын хугацаанд мессенжер, түүнчлэн стриминг хөгжмийн үйлчилгээ гаргахаар бэлтгэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин