Худалдааны дайн: Америк компаниуд хохирох нь
2019-05-28

 
АНУ БНХАУ-тай худалдааны хэлэлцээр хийхэд бэлэн биш хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японд хийж буй айлчлалынхаа үеэр мэдэгджээ. 

 


 

 “Дахин нягтлахаар шийдэхээсээ өмнө санал болгож байсан тэр л нөхцлүүдээр хэлэлцээр хийхийг хятадууд хүсч байгаа гэж би бодож байна. Тэд хэлэлцээр хийхийг хүсэх байх, харин бид үүнд бэлэн биш байна” хэмээн Трамп мэдэгдснийг Блүмберг агентлаг дамжууллаа. 


Мөн Хятадын импортод тавьсан татварууд “цаашид ч  өснө” гэж Америкийн Ерөнхийлөгч онцолсон байна. Хэдий “одоогоор хэлцэлд бэлэн биш байгаа” гэсэн ч эцсийн дүнд хоёр тал тохиролцож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Трамп мөн илэрхийлжээ. 


“Хэзээ нэгэн цагт АНУ болон Хятад улс маш сайн худалдааны хэлэлцээр хийнэ гэж би бодож байна.Бид үүнийг тэсэн ядан хүлээнэ” хэмээн Трамп онцолсон байна. 


Эргэн сануулахад АНУ болон Хятадын худалдааны сөргөлдөөний шинэ давалгаа 2019 оны тавдугаар сард гарсан юм. Тухайн үед Вашингтон Бээжин хоёрын хэлэлцээр амжилтгүй болсны дараа АНУ Хятадын импортын татварын нэмэгдүүлсэн бөгөөд энэ татварт 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн багтсан. Түүний зэрэгцээ дахин 300 тэрум ам.долларын үнэ бүхий Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхийг Трамп үүрэгдсэн юм.  Харин үүний хариуд Хятадын тал 60 тэрбум ам.долларын өртөгтэй Америкийн импортод хязгаарлалт тавьж байв. 


Ийнхүү тариф тогтоосны дараа Трамп улсдаа Америкийн холбоо харилцааны сүлжээг хамгаалах онц байдал зарласан. Энэ хүрээнд Huawei  ухаалаг утас үйлдвэрлэгчийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэйгээр Америкийн бизнес хүрээллийнхэнтэй хамтарч ажиллах боломжтой компаниудын хар жагсаалтанд оруулсан юм. 

 

ХУДАЛДААНЫ ДАЙНЫ " ХОХИРОГЧ 

 

Ийнхүү хоёр тал нэгнээ татвар хураамжаар онилон, худалдааны дайн дэгдээж байгаа нь технологийн томоохон компаниудад сөргөөр нөлөөлж эхэллээ. Тэдгээрийн дундаас дараах гурван компани илүүтэй хохирогч болох магадлалтай гэж шинжээчид үзэж байна. 


1.    Apple 


Дональд Трамп тарифиыг 10 хувиас 25 % хүртэл өсгөсний дараа Хятад хариу барьж, улмаар Аpple-ийн хувьцаа 13 орчим хувиар буурчээ. Хятад бол энэ компанийн бүтээгдэхүүний хангамжаар дэлхийд гуравт ордог зах зээл. Huawei компанийг АНУ хар жагсаалтанд оруулсны дараа Хятад улс Apple руу чиглэсэн хариу арга хэмжээ авч болзошгүй тул Apple-д энэ нь сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол өнгөрсөн долоо хоногос гарч байлаа. Goldman Sachs-ийн үзэж байгаагаар Хятад улс энэ компанийн бүтээгдэхүүнийг өөрийн нутаг дэвсгэр дээр борлуулахыг хоригловол Apple компанийн ашиг 29 хувиар буурч болзошгүй гэнэ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжих магадлал тун бага. 


2.    Tesla


Дараагийн хохирогч нь Тесла компани байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна.  Энэ компани 2020-2024 оны хооронд Хятадын зах зээлээс 9 тэрбум ам.доллар олно гэж тооцоолж байсан ч АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайны улмаас Хятадын зах зээлээс эрэлт гарахгүй бол Тесла компанийн хувьцаа эрс унана гэж шинжээчид үзжээ. 


3.    Qualcomm 
2018 онд Америкийн компаниуд бүхий микропроцессоруудын тал хувийг үйлдвэрлэсэн бөгөөд Хятад бол томоохон нийлүүлэлтийн зах зээл юм. Тиймээс худалдааны дайн ширүүсвэл энэ салбар бүхэлдээ хохирол амсана.  Тэр дундаа өнгөрсөн жил Хятадын зах зээлээс ашгийнхаа гуравны хоёрыг олж байсан Qualcomm компанид томоохон цохилт болно гэж шинжээчид үзжээ. Энэ компани АНУ-д чипээ боловсруулан, Тайван, Солонгос, Хятадад үйлдвэрлэдэг юм.  Дараа нь чипүүдийг эргүүлэн Хятад руу нийлүүлж, Хятад улс ухаалаг утас зэрэг төрөл бүрийн төхөөрөмжинд ашигладаг юм байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин