Оросуудад хайрлагдсан МОНГОЛ ХҮҮ
2019-05-29

Удахгүй ХҮҮХДИЙН баяр болно. Энэ өдрийг угтаж манай сайтын зүгээс хүчирхийлэл, хойд эцгийн тарчлаан зэрэг хар бараан мэдээллийг хойш тавьж авьяаслаг, ухаалаг эс бөгөөс эгэл нэгэн бор хүүг ч онцолж тэдний гэмгүй цагаахан сэтгэл зүрхийг тольдож хүүхдийн хиргүй тунгалаг инээд, хөөрөөр нийгэмд ГЭГЭЭ нэмэхийг зорилоо.  

 

Эхний онцлох хүүхэд бол ОХУ-ын нийслэл Москва хотын төв Улаан тайлбайд ёслол төгөлдөр болж өндөрлөсөн Агуу их ялалтын 74 жилийн ойн баярт Монгол Улсаа, эх орноо төлөөлөн оролцож ая дуугаа өргөсөн долоон настай бяцхан хүү Э.Энгүүнбат юм.

 

 

Хүүтэй уулзаж ярилцахаар эмээ, өвөөгийнх нь гэрийг зорьж очиход Э.Энгүүнбат хүү өрөөндөө тоглож, эмээ өвөө хоёр нь цай, цүү болж угтав. Хоёр хөгшний хийж бүтээснийг нь гэрчлэх хурандаа цол тэмдэг ёслолын хувцсны энгэрт нь гялалзаж харагдана. Цэргийн байгууллагад олон жил ажилласан хоёр буурал цэмцийж угтсан бол цаад өрөөнөөс Э.Энгүүнбат хүү инээмсэглэн угтаад “За сайн уу” хэмээн хэзээний том хүн шиг мэндлээд “Намайг Энгүүнбат гэдэг. Би Нийслэлийн ЕБС-ийн 116 дугаар сургуулийн 1А ангид сурдаг. Удахгүй нэгдүгээр ангиа төгсөх гэж байгаа” хэмээн өөрийгөө танилцуулснаар бидний яриа эхэллээ.

 

-Онц сурсан уу?

 

-Мэдээж онц. Тав дахь өдөр би сургуулиа төгсөнө. Төгсөлтийн баяртаа явна даа.

 

-Сургуульд сурах гоё байна уу, юу сурав аа?

 

-Тоо бодож, 35 үсгээ бүрэн сурсан. Одоо хүрдээ сурч байгаа. Бас хүрд цээжилж байгаа. Хүрдийг уг нь хоёрдугаар ангиасаа үзэх ёстой. Гэхдээ ээж бид хоёр эртхэн сурч байя гээд одооноос сурч байгаа. Эртхэн цээжилчихвэл амар.

 

-Хэдийн хүрд мэдэх үү?

 

-2,4-ын хүрдийг мэднэ шүү

 

-Дотуур байранд амьдардаг гэсэн үү?

 

-Би сургуулийнхаа дотуур байранд суудаг. Өрөөндөө долуулаа амьдардаг. Бид нар чөлөөт цагаагаараа тасагтаа бараг байдаггүй. Ихэнхдээ бусад хүүхдүүдийн өрөөгөөр орж тоглоно, даалгавраа хийнэ. Тэгсээр байтал үдийн цай, оройн хоол болдог.     

         

-Хичээлийн хажуугаар дуулна, тэмцээнд оролцоно. Ядардаг уу?

 

-Дуулах ч яахав, хичээл л жаахан ачаалалтай. Одоо Оросын Шадар сайд ирэхэд намайг урилгаар дуулуулна гэсэн. “Катюша”, “Смуглянка”, “Маленькая страна” гээд гурван дуу дуулахаар бэлдэж байна.

 

-Чи олон орос дуу мэддэг үү?

 

-Орос, Монголгүй л мэднэ шүү дээ.

 

-Чамд дууг нь хэн зааж өгдөг вэ?

 

- Ээж маань зааж өгдөг. Ээж маань Орос, англи, Франц хэлтэй. Надад ээж одооноос орос хэл зааж байгаа. Оросын дараа Англи хэл сурна гэж бодож байгаа. Янз бүрийн хэл сураад л явна даа.

 

-Ээжийнхээ мэддэг бүх хэлийг сурна даа, тийм ээ?

 

-Ээжийнхээс ч илүү олон хэл сурмаар байна. Ээж намайг 26 хэл сураарай гэсэн. Нэг Казахстан хүүхэд зөндөө олон хэлээр дуулж байгаа бичлэг үзсэн. Түүн шиг л болно гэж бодоод байгаа.

 

-Орос дуу, орос хэл сурах хэцүү байсан уу?

 

-Нээх хэцүү биш дээ.

 

 

-Саяхан Орос улсад очоод “од” болоод иржээ.

 

-Тэгсэн. Гэхдээ би анх удаа Орост очсон юм биш л дээ. Өмнө нь хоёр ч удаа очиж үзсэн. Нэг удаа Орост очиж тэмцээнд оролцоод гранпри шагнал хүртсэн.

 

-Ялалтын баярт оролцоод, олон хүний өмнө гарч дуулахад ямар санагдсан бэ? Олон хүний алга ташилтыг мэдэрсэн үү?

 

-Нэг тийм гоё санагдсан. Би Ялалтын баяр гэдэг нь дайнд яваад ялсан цэргүүд буцаж ирээд тэмдэглэдэг баяр гэж ойлгосон.

 

-Ирээдүйд дуучин болох уу? Чи юу хүсч мөрөөддөг вэ?

 

-Би том болоод дуурийн дуучин болно. Бас Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болмоор байна. Би өөрийгөө энэ мөрөөдөлдөө хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа. Би төгөлдөр хуур тоглож чадна. Чайковский алдартай хөгжмийн зохиолч байсан гэсэн. Бүр дээр үед амьдарч байсан юм билээ. Би тэрний гэрийг нь очиж сонирхсон. Тэрний амьдарч байсан хоёр давхар модон байшинд нь  төгөлдөр хуур нь байж байдаг юм билээ.

 

 

Өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсад дэлхийн хараагүйчүүдийн холбооны чуулган болсон. Энэхүү чуулганы хаалтын тоглолтод Э.Энгүүнбат хүү оролцон ая дуугаа өргөжээ. Түүний дуулахыг сонссон ОХУ-ын төлөөлөгч “Ийм хөөрхөн хүүхдийг би өөрийн улсдаа урьж дуулуулна”  хэмээгээд буцжээ. Ялалтын баяр дөхсөн өдрүүдэд Орос эмэгтэй түүнийг эрж, хайлган холбогдсоноор урилга илгээж долоохон настай бяцхан хүү Аугаа их Ялалтын баяр дээр “Смуглянка” дууг тэнд цугласан ард түмэнд толилуулж, тэндий хайр хүндэтгэлийг хүлээх завшаан ийн тохиожээ.

 

Эмээ, өвөө хоёр нь түүний хэзээ ч хувирахгүй, урвахгүй хамгийн үнэнч фэн нь аж. Биднийг ярилцах хооронд эмээ нь хүүгийнхээ өргөмжлөл, цом, талархал гээд бүхий л  үнэмлэх гэрчилгээг өмнө өрж тавиад брайль үсэгтэй номыг нь ч авчраад “Эмээгийн хүү энэ эгчдээ уншаад өгчих” хэмээв.

 

Хүү “..Энэ зурган дээрх газрыг Хэрмэн цав гэж нэрлэдэг...” хэмээн түгдрэх ч үгүй уншиж сонирхууллаа. Тэр нээрэн онц сурч брайль үсгээр сайн уншиж сурчээ. Энэ л эмээгийнх нь хамгийн том бахархал бололтой ач хүү өөдөө хайр дүүрэн ширтэв.

 

Ийм авьяастай, цовоо цолгиун хүү яагаад харах чадвараа алдчихсан юм болдоо гэхээс харамсал төрж, асуухаас аягүйтэж суутал хүү гэнэтхэн “Би жаахандаа юу ч хардаггүй байсан, одоо бага зэрэг сайжраад байгаа. Нүд маань яасан бэ гэхээр харааны мэдрэлийн судас гэж байдаг юм байна л даа. Тэр нь хөгжөөгүй гэсэн. Тийм болохоор дуу дуулуулж, хөгжим сайн тоглуулаарай гэсэн. Энэтхэг явж эмчлүүлэхээс өөр арга байхгүй гэсэн. Тийшээ явуул эдгэрнэ гэсэн” хэмээв.

 

 

Э.Энгүүнбат хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй гэнэ. Ээж, аав эмээ өвөө нь сайн гэсэн бүхэнд хандаж, олон ч улсын эмнэлэгт хүсэлт тавьжээ. Гэсэн ч хүүг 12-оос дээш настай болох хүртэл хагалгаа, эмчилгээ хийх боломжгүй гэсэн ижил хариулт авсан тул хүүгийн өсөлтийг сайжруулах витамин, сонсгол дээшлүүлэх хөгжим тоглуулж, дуу хөгжимд ойр байлгахаар шийджээ.

 

Э.Энгүүнбатын эмээ Д.Сосорбарам гуай “Эмээ өвөө нь хүүгийнхөө төлөө бүхнээ зориулна аа. Ээж нь гэж боловсролтой мэдлэгтэй сайн хүн бий. Энгүүнбат дээрээ нэг ахтай, одоо зургадугаар ангийн сурагч. Ах нь эрүүл саруул хэр нь бага хүү нь харааны бэрхшээлтэй төрчихсөнд гайхаад л байдаг юм. Цаг агаар, уур амьсгал нөлөөлдөг гэх юм. Охин минь тэвчээртэй, ухаантай бүсгүй тул хүнд хэцүүг даваад л яваа. Энгүүнбат хүүгийн минь амьдралыг хөглөх жигүүр нь дуу хуур юм болов уу л гэж боддог доо. Ийм сэргэлэн, цовоо хүүгээрээ эмээ, өвөө хоёр нь маш их бахархдаг. Миний хүү харааны бэрхшээлтэй гэж хэзээ ч хойшоо суудаггүй, яг л бусад хүүхдүүдтэй адил гүйж харайж, инээж баясаж явдаг. Би эмч хүн болохоор хүүгийнхээ харааг хөгжүүлэх тал дээр бүх л мэддэг чаддаг арга хэмжээг авч явдаг даа” хэмээн Д.Сосорбарам гуай өгүүлээд хүүгээ өхөөрхөн үнсэв.

 

Ярилцлагын төгсөглд Э.Энгүүнбат хүү “Өвөө маань барилгын цэргийн дарга, хурандаа цолтой. Эмээ маань эмч, дэд хурандаа цолтой. Би эмээ өвөөдөө хайртай. Намайг өсгөсөн эмээ, өвөөдөө маш их баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн сэтгэлийн үгээ дайсан юм.

 

 

Ийм нэгэн “даруухан од” их хотын хаа нэгтээ эмээ өвөөгийнхөө хамт энх тунх аж төрж байна. Түүний мөрөөдөл, ирээдүй гэгээн байна. Тэр “Миний хараа сайжирвал би тэнгэрийг тэгээд оддыг тодоор хармаар байна” хэмээсэн нь түүний урлагийн “торгон” мэдрэмж, тансаг өгөгдлийг илтгэнэ. Тиймээ тэр өөрөө ирээдүйд илүү тод гялалзах “ОД” билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ээж аавдаа гологдсон эмгэгтэй хүүхэд
2019-06-07
Жэн И:
Хятад дуу дуулаач муу нусгай үхэр монгол. Наад оросууд чинь ямар ч ашиггүй, мөнгөгүй, ирээдүйгүй болсон. Хятад цэргүүд орж ирэхийн цагт чамайг самрах хүмүүс бол жинхэнэ үхэр монгол, хольцгүй ориг монгол, сагсуу монгол, цээжээ дэлдэгсэд байх болно. Юу үнэн энэ үнэн.
2019-06-02
Эрдэмбат:
Авьяасыг нь сайн тордоод өгвөл энэ байтугай юм дуулгах л хүү байна даа. Ингээд дуулаад явж байтал нөгөө Бат-Энэрэл хүү шиг хараа нь яваандаа сайжирчих ч юм билүү. Эмч нар хараа орохгүй, улам л муудна гээд байсан чинь одоо улам сайн хардаг болоод байгаа гэсэн. Гавьяат Батсүх бас хажуудаа авч дуулах авьяасыг нь хөгжүүлээсэй. Яахав гурвуулаа нийлээд тоглолт хийвэл гоё ш дээ.
2019-06-01
Snow:
Энгүүнбатын ирээдүй гэгээлэг сайхан байнаа. Амжилт.
2019-05-30
zochin:
oligtoixon udirdlagataibol mongolchuud delxuud doroo garna daanch xulgaich udirdagchtai uchraas demjik zav alga
2019-05-29
hamgiin aldartai duuchin bolohod gadaad uzemj hamgin chuhal baidag yana daa
2019-05-29
emee:
saihaan saihan
2019-05-29
irgen:
estoi hoorhon umaa, hor duuchid ch estoi saihan baina, saihan zov zamaar yavj baigaa hyyhdyyd baina, bayarlaad baharhlaa
2019-05-29
Ах:
Хөөрхөн хүү бн Амжилт
2019-05-29
Золзаяа:
uu yamar huurhun huuhed ve bi nuguu Bat-eneriig gej bodood baisan
2019-05-29
Манай дүү бас ийм . харааны бэрхшээлтэй хүүхдүүд их гоц ой ухаантай байдаг юм . Одоо амжилт гаргаал явж байна . Нүдий нь нээх олон газраар оролдуулсаны хэрэггүй дээ . Ямар ч нөлөө үзүүлэхгүй улам муутгачихдаг юм. Дүүг битгий их хөөргөөрэй амжилт !
2019-05-29
монгол:
бахдмаар сайхан хүү б.на. Санасан зорьсон бүхэн нь нэг бүрчилэн биелэх болтугай
2019-05-29
t:
mundag
2019-05-29