Huawei компанийг хар жагсаалтанд оруулж, Америкийн үйлдвэрлэгчдийн технологи, хэрэгсэл худалдан авахыг хориглосон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж хүлээн зөвшөөрүүлэхийг шаардан тус компани Америкийн шүүхэд ханджээ.
“Huawei компани АНУ-д нэхэмжлэл гаргасан бөгөөд хориг арга хэмжээ тавьсан үйлдлийг үндсэн хууль зөрчсөн гэж тооцох шүүхийн шийдвэр гаргуулахаар ажиллана” хэмээн Huawei компани лхагва гаригт мэдэгдснийг Риа новости агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн дамжуулснаар тус компани хориг арга хэмжээг “олон нийтийн эрх ашиг зөрчсөн” хэмээн үзэж байгаа юм байна.
“Хориг арга хэмжээ нь Huawei компанийг шууд буруутан мэтээр харагдуулж, олон төрлийн хязгаарлах арга хэмжээг компанийн эсрэг авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүний зорилго нь маш ойлгомжтой. АНУ-ын зах зээлээс Huawei компанийн бүтээгдэхүүнийг шахан гаргах л зорилготой. Энэ нь АНУ-ын Үндсэн хуулиар хориглосон, “шүүхийн оронд хууль тогтоомж зүй бусаар ашигласан” явдал юм” хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Тус компани АНУ -ын шүүх энэхүү хоригийг үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хоригийг хэрэгжүүлэхгүй байх тогтоол гаргана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эргэн сануулахад, энэ сарын дундуур АНУ-ын Худалдааны яам Хятадын теле харилцааны гигант Huawei компанийг хар жагсаалтанд оруулснаар тус компани Америкийн үйлдвэрлэгчдээс технологи авах боломжгүй болсон юм. Түүнчлэн энэ компанийг зохих тусгай зөвшөөрөлгүйгээр Америкийн бизнес салбарынхантай ажил хэрэг явуулахыг хориглосон. Энэ шийдвэрийн улмаас Google зэрэг Америкийн томоохон компаниуд Хятадын компанитай хамтран ажиллахаа зогсоосон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |