Хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгч алдартай брэндийн нүүр царай болжээ 
2019-05-29

Өрөөсөн хөлөө тайруулсан загвар өмсөгч Ирландын  Primark брэндийн нүүр царай болжээ. 

 


Өдгөө 23 настай Бернадетт Хагенс 2017 онд ховор төрлийн хорт хавдраар өвдсөн байна. Улмаар 2018 оны 10 дугаар сард түүний баруун хөлийг тайрахаас аргагүй болсон бөгөөд бүсгүй хиймэл хөлтэй явах болсон гэнэ. Гэхдээ тэрбээр үүндээ огт гутарсангүй, загварын бизнест хүч үзэх болжээ. 


Тэрбээр бие эрхтний онцлогтой загвар өмсөгчдийг ажилд авдаг Zebedee Management агентлагт ажилд орж,  олон брэндийн төсөлд оролцох болсон байна. 


Энэ удаад Бернадетт “Тоглоомын түүх” киноны шинэ ангид зориулсан  Toy Story-4 шинэ цувралд багтсан футболк, шортыг танилцуулж байгаа гэнэ. 


“Primark -тай ажиллах надад их таалагдаж байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай боломж. Зураг авалт, багийнхан гээд бүгд надад таалагдаж байна. Зургаадугаар сард сурталчилгааны зураг хэвлэгдэхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Бернадетт Хагенс ярьжээ. 


Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын адил тэгш эрхээр хангагдах ёстой гэж үзэн загварын ертөнц тэдэнд зориулсан тусгай цуврал гаргахын дээр хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгчид оролцсон олон шоу зохион байгуулж байгаа юм. 


Тухайлбал, одоогоос 4 жилийн өмнө загвар зохион бүтээгч Антонио Урзи Нью-Йорк хотноо Мерседес Бензийн загварын долоо хоног дээр шинэ цувралаа хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгчдөөр өмсүүлэн танилцуулж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин