НҮБ: Хойд Солонгосчууд амьд үлдэхийн  тулд авлига өгдөг 
2019-05-30

 

Хойд Солонгосын иргэд авлига газар авсан, дарамт шахалт ихтэй тусгаарлагдсан оронд амьд үлдэхийн төлөө авлига өгөхөөс аргагүй болдог гэнэ. Энэ талаар НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газрын илтгэлд дурджээ. 


Илтгэлд өгүүлснээр, өдөр хоногоо залгуулахаар хичээж яваа иргэдээс төрийн албан тушаалтнууд мөнгө авдаг бөгөөд авлига өгөхгүй бол баривчлана, хорино гэж сүрдүүлдэг байна. 


Харин энэ илтгэлийг БНАСАУ “улс төрийн зорилготойгоор санаатай мушгин гуйвуулсан” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 


“Энэ төрлийн мэдэгдлүүд үнэнд нийцэхгүй. Албадалгаар эсвэл ямар нэг зүйлд хууртан, эсвэл мөнгө олохын тулд хуурамч мэдээлэл өгдөг “дүрвэгчид” гэгдэх хүмүүсийн ярьсан хуурамч зүйл дээр л энэ төрлийн мэдээлэл үндэслэгдсэн байдаг ” хэмээн Женев дэх БНАСАУ-ын дипломат төлөөлөгчийн газар мэдэгджээ. 


Түүнчлэн Хойд Солонгос 2006 онд тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн улмаас НҮБ тавьсан хориг арга хэмжээний улмаас улсад нь хүмүүнлэгийн нөхцөл байдал сүйрэлд хүргэсэн гэж буруутгадаг. Гэтэл дээр дурьдсан илтгэлд онцолсноор “эдийн засгийн удирдлага муу байгаа” нөхцөлд цэргийнхэн давуу эрхээр санхүүжилт авдаг гэж онцолжээ. 


“Хүнс, орон сууц, ажил, чөлөөтэй шилжих, эрх чөлөөтэй байх эрх нь хүний салшгүй эрх хэдий ч Хойд Солонгост энэ эрх нь төрийн албан тушаалтнуудад авлига өгч чадах эсэхээс шууд хамаарч байна” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Мишель Бачелет илтгэлдээ цохон тэмдэглэсэн байна. 


Хойд Солонгосын арван хүн тутмын дөрөв нь буюу 10,1 сая хүн хүнсний хомсдолд орсны зэрэгцээ сүүлийн арван жилд тохиогоогүй бага ургац хураалтын улмаас хүнсний хамгийн наад захын хангамж улам багасна гэж өмнө нь НҮБ мэдэгдэж байлаа. 


Харин хоол хүнс ийнхүү нэн хомсдолд орсон нөхцөлд туйлдсан иргэдээсээ тэдний наад захын эрхийг хангахын тулд авлига нэхэж байгаа талаар ийнхүү илтгэлд онцолжээ. 


Илтгэлийг Хойд Солонгосоос дүрвэсэн, тэр дундаа Хятадтай хиллэдэг Янгандо, Хамгён-Пукто мужаас дүрвэсэн 214 хүнтэй хийсэн ярилцлага дээр тулгуурлан бэлтгэсэн байна. 


Илтгэлд ярилцлага нь орсон дүрвэгчдийн нэг болох Ли Хан Бёл 2001 онд Өмнөд Солонгос руу дүрвэсэн бөгөөд өдгөө БНАСАУ-аас ирсэн дүрвэгчдэд туслах бүлгийг удирддаг аж. Түүний өгүүлснээр “Хойд Солонгос бол гагцхүү амьд үлдэхийн тулд хууль бус бүхий л үйлдлийг хийхээс аргагүй болдог тул бүхий л гишүүд нь авлигад татагдан оролцдог нийгэм  ” гэнэ. 


Мөн бусад дүрвэгчид Хойд Солонгост байдаг улс төрийн хоригдлуудын лагерийн талаар ч ярьсан байна. Энд дуулгахад, БНАСАУ дахь улс төрийн хоригдлуудын лагерьт 80000-120000 хоригдол байгаа гэж Вашингтон үздэг бөгөөд саяхан АНУ БНАСАУ-д хандан “улс төрийн хоригдлуудын лагерийг бүгдийг нь хааж, хоригдлуудыг суллах”-ыг уриалсан. Харин Хойд Солонгос ийм лагерь байдаг гэдгийг эрс няцаасаар  байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ah:
Mongold barag adilhan joohon ajil yumuu biznes hiiheer tsagdaa tatvar meregjiliin hynalt zasag dargaas bainga daramtalj mongo nehne
2019-06-13
Иргэн:
Монголд төрийн бүх шатанд авилга сда цагдаа өндөр торгууль нэхнэ тэгээд л талыг нь карма шүү дээ шат шатандаа л авилга
2019-06-02
Равдан:
Манайд ч амьд явахын тулд л иргэд нь авилгал өгдөг. Шоронд орвол эрүүдэн шүүдэг. Одоо бас нэг дарангуйлагчтай болж байгаа.
2019-05-30