Барьцаалагдсан “ОЮУТОЛГОЙ”
2019-05-30

“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцжэ байр сууриа илэрхийлсэн юм. 

 

УИХ-ын ажлын хэсгийн ажлын хэсгийн тайлан дүгнэлтээс “Оюутолгой”-н Монголын талын эзэмшлийн 34 хувиас бусад лиценз, өмч хөрөнгө, тэр байтугай ирээдүйд хүртэх ашиг ч зээлийн барьцаанд байгаа гэсэн муу мэдээ хөвөрлөө. Хөрөнгө оруулагч тал “Рио тинто”-гийн тухайд гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгээ байнга тайлбарладаг. Гэхдээ гэрээнд тусгагдсан зүйлүүд өмчийн эзэн Монголын талд өнөө ч, ирээдүйд ч ашигаа өгөхгүй, харин хөрөнгө оруулагч талд илүүтэй үйлчилсэн байхаар боловсруулагдаж, гарын үсэг зурагдсаныг ажлын хэсэг дүгнэлтдээ дурджээ. Цаашлаад 30 жилийн дараагаас Монголын талд ашгаа өгч эхэлнэ гэдэгч  бодит байдал дээрээ нэг тэрбум ам.долларын өр төлөх нөхцөл бүрдэж болзошгүй аж.   Ажлын хэсгийн дүгнэлтэд:

 

  • “Оюутолгой”-н төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь буруу болсон. Цаашид ТЭЗҮ ашигт малтмалын орд хайх, ашиглах төслийн хувьд маш чухал баримт бичиг учир түүнийг боловсруулах, дүгнэлт гаргах тогтолцоог шинэчилж, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож сайжруулах шаардлагатай байна. 

 

  • Хөрөнгө оруулалтын гэрээний гол агуулга нь хөрөнгө оруулагч буюу Гадаад талын татварын болон үйл ажиллагааны орчинг тогтвортой байлгах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг тэргүүн зорилго болгож шийдвэрлэжээ. Үүнээс болж Монголын талын оролцох оролцоо, тавих хяналт бүдгэрсний дээр татварыг удаан хугацаанд тогтворжуулсан нь дэлхийд байхгүй жишиг болж, манай талын үр ашгийг бууруулах үндэс болж байна. “Оюу Толгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас 5 орчим хувиар бага байгаагийн дээр 2018 оны байдлаар татварын хөнгөлөлт 1.5 дахин, зардал буюу ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдал 12.8 дахин өссөн гэж Сангийн яамны тооцооллоор гарсан.

 

  • Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д Төр нь энгийн хувьцааны 34 хувийг "өмчлөх" гэдэг үгийг хэрэглэсэн боловч хувь нийлүүлэгчийн гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төсөлд “эзэмших” гэдэг үгээр солисон нь эрх зүйн ойлголтоор зөрчилтэй байна.
  • ДУББСТ-өөр Монголын талын эрх ашигт сөргөөр нөлөөлөх олон асуудлууд тусгагдсан нь хөрөнгө оруулагчид онцгой, заримдаа хэтэрхий эрх мэдлүүд олгосон байна.

 

  • ДУББСТ-ний 5.6 дахь заалтаар Далд уурхайн санхүүжилтэд авах зээлийн барьцаанд Оюу Толгой төслийн “А” лицензүүд, бүхий л эрхүүд , мөн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн байна. Энэ нь Монгол Улсын ордын баялаг, өмч, хөрөнгийг барьцаалж авсан зээл боловч, манай тал авсан зээлэнд хөрөнгө оруулагчдад давхар хүү төлөхөөр болсон нь дэндүү шударга бус тохироо болсон байна. Хөрөнгө оруулагч тал одоогоор  монголын талын 34 хувиас бусад лиценз, өмч хөрөнгө, ирээдүйн мөнгөн гүйлгээ зэргийг бүхэлд нь барьцаанд тавьсан нь төслийг үр дүнтэй цааш үргэлжлэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, гадаад хөрөнгө оруулагч тал эрсдэл гарлаа гэсэн шалтагаар төслийг хаяад гарах замаа тавьжээ гэж дүгнэж байна

 

  • Хөрөнгө оруулагчийн эдлэх эрхийг хөрөнгө оруулалтын гэрээний 9.10 заалтаар олгож гадаад улсад хөрөнгө эзэмших болон чөлөөтэй зарцуулах эрх олгосноор бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах, чөлөөтэй зарцуулах эрхийг эдлүүлж, Монгол Улсын арилжааны банкинд гадаад валютын данс нээж гүйлгээ хийхийг зөвхөн тэдний хүсэл зоригийн асуудал болгож, заавал биелүүлэх үүрэг болохгүй гэж зааснаар хяналтаа алдсан дэндүү хариуцлагагүй тохироог хийжээ. Цаашид гэрээнд өөрчлөлт оруулж Монгол Улсын банкаар дамжуулан гадаад валютын гүйлгээг хийлгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

 

  • Эрчим хүчний хэрэгцээгээ 4 жилийн дотор Монгол Улсаас хангана  гэсэн заалтад одоо хүртэл хэрэгжээгүй байна. Засгийн газар хэлэлцээр хийж гэрээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ. 

 

Дээрх тайланг гаргасан УИХ-ын ажлын хэсэг цаашид  “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ /мониторинг/ хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ.  Дубай хотноо байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл, заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь гэж үзсэн юм.

 

Ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүд хүлээж зөвшөөрч "Оюутолгой борлуулалтын орлогын тайлангаа яагаад өгдөггүй юм. Өмчийн эзнийг оронд оруулдаг хөрөнгө оруулагч байж болохгүй. "Оюутолгой"-н гэрээг бүхэлд нь цуцлах хэрэгтэй" гэсэ. байр суурийг хэлж байлаа. Ямартай ч УИХ-ын дарга Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, ноён Алейн Пилоу-г хүлээж авч уулзахдаа "Манай талаас “Рио Тинто”-д хоёр талдаа ашигтай шийдлүүдийг санал болгосон. Гэвч тэдний тал ямар нэгэн шийдвэрт хүрэлгүй 1.5  жил болж байна. Үүнээс болж гэрээний нөхцөлийг сайжруулах талаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа. Гэрээ зөрчсөн болон татвартай холбоотой асуудлууд ч бий. Гэсэн ч “Рио Тинто” мөн л хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа. Тэд ямар нэгэн шийдэл гаргаж, хариу өгвөл Монгол Улсын Засгийн газар аль аль талын ашиг сонирхлыг харгалзан, нээлттэй, эрх тэгш шийдвэрлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлье. “Рио Тинто”-гийн баримталж буй байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэн далангүй хэлье. Эцсийн дүндээ аль аль талын эрх ашиг хамгаалагдаж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим хэрэгжих ёстой" гэсэн байр суура илэрхийлснийг нөгөө тал ч дэмжсэн байна лээ. 

 

Энэ удаад  ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ ямар шийдвэр гаргаж, Засгийн газартаа ямар чиглэл өгөх нь зөвхөн эрх баригчдын мэдэлд байгаа.  

Н.Энхлэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин
...???
2019-05-30