Жулиан Ассанжийн бие мууджээ

Лондоны Белмарш шоронд хоригдох хугацаанд Wikileaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн биеийн байдал муудсан гэж тус цахим хуудас твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
“Белмарш шоронд 7 долоо хоног хоригдох хугацаанд Ассанжийн бие муудаж, хэт их жин хаясан. Улмаар хорих газрын удирдлагын шийдвэрээр түүнийг эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гарсан гэхээр бие нь хэрхэн муудсныг дүгнэж болохоор” хэмээн Wikileaks-ийн твиттер хуудсанд мэдээлсэн байна.
Мөн тэд Ассанжийн биеийн байдалд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Энд дуулгахад, тавдугаар сарын хоёрны өдөр Wikileaks болон түүний үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн өмгөөлөгчид Ассанжийн биейин байдал болон Британийн шоронгийн нөхцөл байдлын талаар санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан юм. Өмнө нь эмч нар Ассанжийг дунд зэргийн сэтгэцийн хямралд орсон , амьсгалын замын халдварт өвчинтэй, шүд өвчилсөн зэрэг онош тавьж байлаа.
Эргэн сануулахад, WikiLeaks цахим хуудсыг үндэслэгч Ассанжд Эквадор улс 2012 онд улс төрийн орогнол олгон, улмаар Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд амьдрах болсон юм. Энэ үед, нууц материалууд нийтлэн дэлхий даяар алдаршсан Wikileaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж хүчингийн хэрэгт холбогдон, Швед рүү шилжүүлэх тухай хэргийн шийдийг хүлээн, Британид гэрийн хорионд байв.
Харин Эквадор улс түүнд улс төрийн орогнол олгосноор Ассанж тус улсын элчин сайдын яаманд амьдрах болсон бөгөөд элчин сайдын яамны нутаг дэвсгэрээс гарах л юм бол түүнийг баривчилна гэж Британийн эрх баригчид мэдэгдэж байлаа. Тиймээс Ассанж Эквадорын элчин сайдын яамны байрыг орхин гаралгүй долоон жил болсон. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Эквадор улс Ассанжид олгосон улс төрийн орогнолыг цуцалснаар тэрбээр элчин сайдын яамнаас баривчилагдсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ