Б.Пүрэвдорж: Сонгууль болохоор зугтаж, ялсны дараа бялуу хүртдэг нөхрөөсөө МАН сал
2019-05-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргав. УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Оюутолгойн ордн 1500 тн алтны нөөцтэй. Бид энэ асуудал дээр хүлцэнгүй загнаж, дээрэлхүүлж болохгүй. Дандаа хууль зөрчиж, хуулийн дээр байж, Монголын төрөөр тоглож, өнөөдөр ямар нөхцөлд хүрснийг өчигдрийн ажлын хэсгийн дүгнэлт харуулсан. Монголчууд бид ашгаа авах цаг үед том нүхтэй үлдэхээр байгааг ажлын хэсгийнхэн бидэнд тайлбарлаж өгсөн. Одоо бид "Оюутолгой"-н асуудлаа хэлэлцэх хэрэгтэй. 

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

 

-УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэлмээр байна. Хэлэлцэх асуудлаа ярих гэсээр байтал хагас өдөр болдог шүү. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг шалгах Түр хороо байгуулагдан ажиллаж байна. Энэ асуудлыг УИХ анхааралдаа авч, шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Оюутолгой"-г шалгасан ажлын хэсгийн дүгнэлт цочирдмоор байна. Энэ ажлын хэсгийн бүтэц өргөн бүрэлдэхүүнтэй байсан шүү. Энэ асуудлыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. "Рио тинто" компани төмрийн хүдрийн үндсэн үйл ажиллагаатай. Санхүүгийн бүхэл бүтэн луйвар тэнд байна. Монголчууд эцсийн дүндээ өртэй үлдэхээр байгаа шүү. Цаашдаа олон улсын аудитаар шалгуулах хэрэгтэй. Засгийн газрын байгууллага, ажлын хэсэгт орсон хүмүүс алд дэлэм зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа шүү. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Би Хэнтий аймагт ажиллалаа. Орон нутгийн иргэд сонгууль явуулах хүсэлтэй байна. Өнгөрсөн гурван жилийн туршид 50-хан сая төгрөгөөр халуун ус л барьсан байна. Тэр нутгийнхан Д.Гантулга гэдэг хүнийг биш МАН-ыг сонгосон. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нь Хэнтий аймгийнх. Яагаад нутагтаа юм хийдэггүй юм. У.Хүрэлсүх жолоочийнхоо хадам ээжээр өргөдөл өгүүлж сонгууль хойшлуулсан. Сая МАН-аас сонгогдсон ҮХЦ дээр байгаа гишүүдээр сонгуулийг хойшлууллаа.  Сонгууль болохоор зугатдаг. Ялсны дараа ирээд бялуу хүртдэг энэ нөхрөөсөө МАН салах цаг болсон. 

 

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараагаар хэлэлцэх асуудалдаа орлоо. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин