Японы Ерөнхий сайд Ким Жон Унтай уулзахад бэлэн гэв 
2019-06-03

 

Пхеньянын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж байгаа ч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр биечлэн уулзах хүсэлтэй хэвээр байгаа татлаар Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ. 


“Харилцан үл итгэлцлийг даван туулж, ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр Ким Жон Ун даргатай нээлттэй ярилцахад Ерөнхий сайд Абэ бэлэн байгаа” хэмээн тэрбээр онцолсон байна. 


Харин саяхан БНАСАУ-ын Цахим мэдээллийн төв агентлагаас хийсэн Японы засгийн газрын тэргүүнийг шүүмжилсэн мэдээлэлд тайлбар өгсөнгүй. 


Тэрхүү мэдээлэлд Японы Ерөнхий сайдын бодлогыг “увайгүй байдлын туйл” хэмээн нэрлэсэн байв.  Мөн БНАСАУ-ын эсрэг баримталж буй дайсагнасан бодлогоо огт өөрчлөөгүй байж хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг хүсч байна хэмээн онцолжээ. 


Энд дуулгахад, зургаадугаар сарын нэгний өдөр Японы Батлан хамгаалахын сайд Такэси Ивая Сингапурт болсон олон улсын бага хурлын үеэр Япон улс БНАСАУ-тай харилцаагаа тогтворжуулна гэж найдаж байгааг илэрхийлсэн юм. Тодруулбал, БНАСАУ-ын пуужин цөмийн хүчин чадал, Хойд Солонгосын тусгай албаныхан Японы иргэдийг барьцаалсантай холбоотой асуудлуудыг шийдвэрлэснээр хоёр орны харилцаа хэвийн болно гэж Япон улс найдаж байгаа юм байна. 


Түүнчлэн БНАСАУ хөгжлийн зөв замыг сонговол Япон улс эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин