Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
6-4

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 33 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга тус ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргасан юм.

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

 

“…Олон улсын цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн болон Улаанбаатар цэргийн хүрээний анги салбаруудын бүх төрлийн байлдааны болон бэлэн байдлын сургалт, дадлага явуулах гол бааз суурь болж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, Монгол Улсын зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангах, монгол цэрэг дэлхийн цэрэг болж үнэлэгдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус ангийн үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг, офицерүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж, Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

 

Дээрх зарлигийн дагуу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, үг хэллээ.

 
ШАГНАЛ ГАРДУУЛЖ ДУУССАНЫХАА ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА:

 

“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, алба хаагчид, хилийн цэргүүд ээ,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

 

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Г.Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хамт олонд 33 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажил амьдралд нь өрнүүн амжилтыг хүсье.

 

311 дүгээр ангийн офицер дайчид, бие бүрэлдэхүүн нь Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны бэлтгэл сургууль, буудлага, жолоодлого, команд штабын сургууль, тактикийн хээрийн сургуулиудын бэлтгэл ажил, ар тал, техникийн хангалтыг зохион байгуулах үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн хамт олон юм.

 

Танай хамт олон Ирак, Сьерра Леоне, Косово, Афганистан, Чад, Өмнөд Судан, Судан зэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй цэргийн баг, 17 мянга орчим цэргийн алба хаагчдыг ажиллагааны өмнөх сургалтад хамруулж, энхийг дэмжих ажиллагааны сургалт явуулах, зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн спортын уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн анги хамт олон билээ.

 

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг зохион байгуулах болсноор гадаадын цэргийн 15 мянга орчим алба хаагчийг сурган дадлагажуулж, монгол цэргийг дэлхийн цэрэг хэмээн үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хамт олонд 33 жилийн ойн баярыг нь тохиолдуулан Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулж байгаадаа би туйлын баяртай байна.

 

311 дүгээр ангийн хамт олонд дахин баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Улсынхаа төлөө зүтгэцгээе!” гэв.

Shuud.mn
Сонин хачин