Шатахууны үнийг бууруулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Шатахууны үнийн зөвлөл хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байгаа. Тиймээс энэ сард шатахууны үнийг буулгах чиглэлийг шатахуун импортлогчдод өгөхөөр шийдвэрлэсэн байна. ОХУ-аас оруулж ирж байгаа шатахууны үнэ ч хямдралтай орж ирэх аж. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:
-Үнийн зөвлөлийн хурлаар шатахуун импортлогч 19 аж ахуйн нэгжийн төлөөлөл багтдаг. Дизелийн түлшны үнэ 40 орчим төгрөг, А92 бензинд 60 орчим төгрөгөөр нэмэгдсэнийг хэлэлцэж байна. Дизелийн түлшний үнийн нэмэгдэл байгаагүй. Тиймээс дизелийн түлшний үнийн өсөлтийг буулгах талаар манайх тавдугаар сарын сүүлчээр аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Шатахуун, дизелийн үнийн өсөлтийг бууруулах, авсан арга хэмжээгээ манай байгууллагад мэдэгдэх ёстой. Хуулийн дагуу зургадугаар сарын тавны дотор авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
2019 он гарснаас гурав, дөрөв, тавдугаар сард түүхий тосны үнэ нэмэгдсэн. Харин зургадугаар сараас 25 ам доллараа буурсан. Тиймээс зургадугаар сарын 15-наас жижиглэнгийн үнийг буулгах арга хэмжээ авна. Цаашдаа ч шатахуун, дизелийн түлшний үнэ буурах магадлалтай байна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ