Чех: 30 жилд тохиогоогүй хамгийн том эсэргүүцлийн жагсаал боллоо

Зургаадугаар сарын дөрөвний өдөр Чехийн нийслэл Прага хотноо тус улсын Ерөнхий сайд Андрей Бабишийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болжээ.
Энэ жагсаалд 120 мянга гаруй хүн оролцсон бөгөөд хүмүүс хотын төв хэсгийг бүхэлд нь дүүргэж, Вацлавын талбай дээр цугларсан байна.
Жагсагчид Засгийн газрын тэргүүнийг луйвар хийсэн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн гэнэ. Ийн үзэх болсон шалтгаан нь Чехийн Ерөнхий сайдтай хамааралтай компаниуд Европын холбооноос хоёр сая еврогийн тэтгэмж авсан гэсэн мэдээлэлтэй холбоотой юм байна.
Түүнчлэн жагсагчид саяхан томилогдсон, хуульзүйн сайд Мария Бенешоваг огцрохыг шаардлаа. Учир нь тэрбээр Ерөнхий сайдыг шүүхд татагдахаас хамгаалж мэднэ гэж жагсагчид үзжээ.
Өчигдөр болсон энэ жагсаал Чех улсын хувьд хамгийн том жагсаалуудын нэг боллоо. 1989 онд тус улсад хувьсгал гарснаас хойш ийм өргөн цар хүрээг хамарсан жагсаал огт болж байгаагүй гэж Вести агентлаг мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ