Цагдаагийн аминд хүрсэн этгээдэд 20 жилийн ял оноов
2019-06-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд  /2018.10.15/ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан билээ.

 

Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад  /2018.10.16/ хүнд гэмтлийн улмаас таалал төгссөн.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргаж, Б.Энхбаяр, Т.Лундаа нарт ял оноосон байна. Тодруулбал,

 

Цагдаагийн албан хаагч Батсайханы амь насыг хохироосон гэх Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг эрүүгийн хэрэг мөн Б.Энхбаяр нь бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шүүн хэлэлцээд шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэйн холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, Шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
арайчдээ үхсэний хохь амьдын зол юм уу бүх насаар нь хорих хэрэгтэй шүү дээ
2019-06-08