“Улаанбаатар төмөр зам”-ын транзит тээврийн хэмжээ 3.37 сая тонн болж өсчээ
2019-06-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “ Транзит Монгол -2019” форум “ Шангри-Ла” зочид буудалд болж байна.

 

Энэхүү форум нь гуравдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж  2009 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод анхны танилцуулгаа хийж байсан түүхтэй. Харин  анхны форум нь БНХАУ-ын Бээжин хотноо болж, “Транзит Монгол -2018” форум ОХУ-ын нийслэл Москва хотноо тус тус зохион байгуулагджээ.

 

Энэ жилийн форум нь “Улаанбаатар төмөр зам’’ ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.  Жил дараалан  энэхүү форумыг зохион байгуулсны үр дүнд Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ өсөж, Ази-Европын  хоорондох чингэлэг тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдсэн аж.

 

Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг  болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг,  Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялаад байна. Энэхүү өсөлт нь “Улаанбаатар төмөр замын” –ын тээврийн үйл  ажиллагааг дэмжин ажиллаж байгаа хөрш орнуудын төмөр замын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцоллоо.

 

Өнгөрөгч жилийн “Транзит Монгол-2018” форумын үр дүнд Улаанбаатар төмөр замын транзит тээврийн хэмжээ 3,37 сая тонн болж өссөн үзүүлэлттэй байна. 

 

УБТ замын ХНН-ийн дарга Д. Жигжиднямаа "Сүүлийн жилүүдэд хөрш орнууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын тээврийн салбарын асуудлыг эрчимтэй хэлэлцэж, томоохон төслүүд хэрэгжихээр болсон нь төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх таатай нөхцөлийн бүрдүүлж байна. Цаашид төмөр замын хөгжлийг “Бүс  ба зам’’ санаачлагын хүрээнд илүү өргөтгөх боломжтой. УБТЗ 2019 онд нэг зөрлөг шинээр нээж, 16 зөрлөгт галт тэрэг хүлээн авах замын тоог нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд тээх чадварын хэмжээ 28 сая тонн-д хүрэх тооцоо бий.  Монголын хоёр талаар явж буй тээврийн коридор ачаалал ихтэй, харин Монголоор дамжих коридор илүү дөт бөгөөд  цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлтэй" гэдгийг онцолсон юм.

 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд  ОХУ-аас БНХАУ чиглэлд аялах хугацааг 28 цаг, БНХАУ-аас ОХУ руу аялах хугацааг 31 цаг болгон тус тус хурдасгасан байна.

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН  2006 оноос хойш үйлчлүүлэгч нартаа дамжин өнгөрөх тээврийн тарифт тогтмол хөнгөлөлт үзүүлсээр иржээ. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн тарифыг 2017 оноос эхлэн 15 хувь, Замын-Үүдэд ачаатай болон хоосон чингэлэг шилжүүлэн ачих тарифыг 66,7 хувь хөнгөлөөд байна.

 

"Улаанбаатар төмөр зам” –аар тээвэрлэгдэж буй транзит ачааны хэмжээ БНХАУ-ОХУ чиглэлд жилд дунджаар 22. хувииар, ОХУ-БНХАУ чиглэлд жилд дунджаар 13.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Өнөөдөр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байгаа чингэлгийн тоо  2018 онд 85097 ДФЭ тээвэрлэсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 40828 ДФЭ болсон нь монголын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн  тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгааг харуулж буй хэрэг юм.

 

Л.Отгонмягмар

Shuud.mn
Сонин хачин