HBO -ийн цувралын дараа Чернобылийг чиглэх жуулчдын тоо эрс өснө 
2019-06-06

 

Чернобылийн тусгаарлагдсан бүсийг зорих жуулчдын тоо энэ онд өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өсч магадгүй гэнэ. 


Энэ нь НВО телевизийн “Чернобыль” цуврал кино гарсантай холбоотой бөгөөд цувралын дараа тусгаарлагдсан бүсийг бодитоор нь үзэхийг хүсэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа Chornobyl Tour  компани болон Чернобылийн жуулчны операторуудын холбооны захирал Ярослав Емельяненко мэдэгджээ. 


“Өнгөрсөн онд энэ бүс рүү 70 мянга орчим хүн жуулчилсан бол энэ онд 100-110 мянган хүн хүлээж авна гэсэн тооцоололтой байсан. Гэхдээ олны анхаарлыг татсан цуврал гарсны дараа энэ тоо 150 мянгаас давж магадгүй байна” хэмээн Емельяненко Интерфакс агентлагт ярьжээ. 


Түүний өгүүлснээр украинчууд аяллын үнээс 3-4 дахин хямд үнээр аялах боломжтой байдаг ч жуулчдын 90% нь гадаадын иргэд байдаг гэнэ. 


Цувралыг үзсэн адал явдалд дурлагсад Чернобылийг зорих нь нэмэгдэх магадлалтай тул Киев хотын захиргааны аялал жуулчлалын хэрэг эрхлэх газартай хамтран Киев хот болон цуврал киононы зураг авалт хийсэн газруудаар аялуулах цогц аяллын маршрут боловсруулж байгаа юм байна. 


Энд дуулгахад, таван ангит “Чернобыль” киног сүйрлийн түүх тэр дундаа өнөөгийн хүмүүсийн дурсамжийг сайтар судласан Крейг Мазины зохиолоор найруулагч Йохан Ренк бүтээсэн юм. 


Кинонд зөвхөн Атомын цахилгаан станцын осол төдийгүй Припять хотоос оршин суугчдыг нүүлгэсэн, сүйрлийн үр дагаврыг устгасан талаар харуулжээ. “Чернобыль” кино “Game of thrones ”цувралын сүүлийн сезоноос ч илүүтэйгээр олны анхааралд хүрсэн гэж шинжээчид үзсний дээр энэ кино IMDB рейтингэд 9,6 оноотойгоор нэгдүгээр байранд жагссан байна. 


Энэ киноны гадаах зураг авалтын ихэнх хэсгийг Чернобылийн станцд байсантай ижил реактортой, өдгөө ашиглагдахаа больсон Литвийн Игналинскийн АЦС-д авсан байна. 


Харин эндэхийн удирдлагын блок самбар нь Чернобылийн АЦС-ын самбараас огт өөр байсан тул кино бүтээгчид макет хийн зураг авчээ.


Дашрамд дуулгахад, одоогоос 33 жилийн тэртээ 1986 онд Чернобылийн АЦС дээр тооцоолол дээр алдаа гарсан, мэргэжилтнүүдийн хайнга ажиллагаанаас болж дөрөвдэх эрчим хүчний блок дэлбэрсэн юм. 
Атомын цахилгаан станцд гарсан дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхит бодис тархаж, Украинд 12 мужид 50 мянган кв.км газар бохирдсон байна. Түүнчлэн радио идэвхит бохирдлын нөлөөнд 60 мянган кв.км газар нутгийг эзлэсэн 2,6 сая хүн амтай  Оросын 19 бүс нутаг, мөн Белоруссын  нийт нутаг дэвсгэрийн 23% нь өртжээ. 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор Чернобылийн сүйрэл 9 мянган хүнийг үхэлд хүргэсэн байна. Гэхдээ Белоруссын судлаачид цацрагийн бохирдлын улмаас хорт хавдраар өвчилсөн хүний тоо 115 мянгад хүрсэн хэмээн үздэг юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цуврал хэдэн ангитай байсан юм болоо. Би сүүлийнхийг нь л олж үзлээ Яаж нөхөж үзэх вэ
2019-06-06