Уралын холбооны их сургууль Халх голын дайны ялалтын сэдвээр форум зохион байгуулна 
2019-06-07

 

Уралын холбооны их сургуулийн төгсөгчдийн Орос, Монголын холбоо хамтран Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн дайчид ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулан форум зохион байгуулна гэж ТАСС агентлаг мэдээллээ. 


“2019 оны есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Халх голын байлдаанд Японы Квантуны армийг Зөвлөлт, Монголын дайчид ялсны 80 жилийн ойд зориулсан, Зөвлөлт болон Оросын их дээд сургуулиудын төгсөгчид, залуусын форум Улаанбаатар хотноо болно. Төслийг Уралын холбооны их сургуулийн төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сан хэрэгжүүлэх бол Уралын холбооны их сургуулийг төгсөгчдийн холбоо болон энэ сургуулийг төгсөгчдийн Монолын холбоо хамтран ажиллана  ” гэж Уралын холбооны их сургуулиас гаргасан мэдэгдэлд дурджээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү форум нь түүхэн дурсгалыг хадгалан үлдэх, Оросын боловсролыг сурталчилахад чиглэгдсэн гэнэ. Түүнчлэн зохион байгуулагчид үйл явдлын түүхэн ач холбогдлын тухай дугуй ширээний ярилцлага, сэдэвчилсэн ном, кино бүтээх, “Түүхэн цээж бичиг” арга хэмжээг зохион байгуулах юм байна. 


Зохион байгуулагчдын тооцоолсноор форумд мянга гаруй хүн оролцох бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Уралын холбооны их сургуулийн төгсөгчдийн Монголын холбоо, Улаанбаатар дахь Оросын Соёл шинжлэх ухааны төв, Зөвлөлт, Оросын их дээд сургууль төгсөгчдийн холбоо зэрэг байгууллагууд дэмжин ажиллахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин