Сэрэмжлүүлэг: Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж нас баржээ

Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.06.06/ гарчээ.

Тодруулбал Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хүү Б /2 настай, эрэгтэй/ 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тухай дуудлагыг 2019.06.06-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:55 цагт очиж, цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн тун саяхан Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах орон сууцны долоон давхраас нэг ой найман сартай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор айлууд цонх, тагтаа онгорхой орхих, эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулсны улмаар бага насны хүүхэд өндрөөс унах, нүхэнд ойчих зэргээр амь насаа алдах тохиолдол гарсаар байгааг Онцгой байдлын алба болоод цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас улбаалан үр хүүхэд нь золгүй байдлаар амь насаа алдах явдал буурахгүй байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзахгүй хүнгүйгээр гэрт нь орхихгүй байхыг анхааруулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ