Д.Эрдэнэбат: УИХ хэлэлцэх асуудалгүй болсон юм уу
2019-06-07

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ. Харин үдээс хойш хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх аж. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолттой байгаатай холбогдуулан мэдээллээ хойшлуулах албан бичгийг ирүүлсэн байна.

 

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх асуудалд оруулах горимын санал орууллаа. Тэрбээр “УИХ хэлэлцэх асуудалгүй болсон юм уу. Өнөөдөр хоёрхон асуудал хэлэлцээд дуусна гэж байна. Хэлэлцэх өчнөөн асуудал байгаад байдаг. ҮХЦ-ийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой дүгнэлтийг өнөөдөр хассан байна. Энэ сонгууль болно, болохгүй гээд баахан маргаан болоод. УИХ 15 хоногийн дотор шийдвэр гаргах хэрэгтэй. Үүнийг яагаад санаатай, санамсаргүй буцаагаад байгаа юм бэ. УИХ энэ асуудлыг хэлэлцэхийг хүсэхгүй байгаа нь улс төрийн өнцөг орж байгааг илэрхийлж байна. Нөхөн сонгууль болсон, болоогүй цэцийн дүгнэлтийг хэлэлцэх нь УИХ-ын үүрэг. УИХ-ын дарга үүнийг яагаад хойшлуулаад байгаа юм бэ” хэмээн горимын санал орууллаа. Харин УИХ-ын дарга уг асуудлыг үдээс хойших хуралдааны хэлэлцэх асуудлын хуваарьт оруулахаа хэллээ.

 

Үргэлжлүүлэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин