УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуулийг баталлаа
2019-06-07

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар  гишүүд үг хэлэв. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын дарга аа, ҮХЦ-ийн дүгнэлтийг яагаад хэлэлцэх асуудал багтаасангүй вэ. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн сонгогчид шийд хүлээж байгаа" гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар "Үдээс хойшхи хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт, хоригийг хэлэлцэнэ. Одоо яаралтай хэлэлцэх асуудал орж байна. Хамгийн гол нь Ерөнхий сайдын мэдээлэл хойшилно" хэмээн тайлбарлав. 

 

Ерөнхий сайд хөдөө орон нутагт томилолтой яваа тул Засгийн газрын мэдээллийг хойшлуулах бичгийг ирүүлсэн байна. Ингээд Д.Эрдэнэбат гишүүний гаргасан саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Гэхдээ байнгын хороогоор хэлэлцсэн тул үдээс хойшхи хэлэлцэх асуудалд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхээр товлосон байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.  

 

Ингээд УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа. Гэвч Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүйгээс үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл үүсэж болзошгүй юм.

 

Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс нэр бүхий гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг чуулган, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжээд байгаа билээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, Үндсэн хуулийн нэмзлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг үр дүн гарч, цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Өнөөдөр бид Дэгийн хуулиараа энэ хуулийг баталлаа гэхэд хэзээнээс Үндсэн хууль хэлэлцэх эхлэх вэ. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа тохиолдолд өөр ямар ч хууль хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалттай. Тиймээс Үндсэн хуулийг ээлжит бус чуулган зарлаж л хэлэлцэнэ. Хэрвээ намар хэлэлцэхээр төлөвлөж байгаа бол ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэнэ. УИХ-ын Дэгийн хуулийг ийм бага ирцтэй хэлэлцэхгүй. Яагаад гэвэл энд Үндсэн хуулийн асуудал яригдаж байна. Би ийм бага ирцтэй энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй гэж хуралдаанаас нэрээ татаж байна гэлээ.  УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулбал тасралтгүй явуулна. Гэхдээ хэм хэмжээтэй хугацаатай асуудлыг тасралтгүй явуулна гэж байгаа. Үндсэн хууль хэлэлцэж байх үед хуулиар хэм хэмжээс нь тогтоосон хуулийн төслүүдийг хэлэлцэх бүрэн бололцоотой гэдгийг зайлшгүй хэлье.

 

Ийнхүү УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг гишүүдийн 51 хувийн саналаар баталлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин