Агаарын бохирдлыг бууруулахын тулд таксинд цахилгаан машин түлхүү ашиглана

Энэтхэгийн Засгийн газар такси үйлчилгээнд цахилгаан машин түлхүү ашиглах шийдвэр гаргаж, 2026 он гэхэд таксины нийт паркийн 40 хувийг цахилгаан машинаар солих үүрэг өгөхөөр төлөвлөгөөндөө тусгажээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, цахилгаан маины паркийг шат дараатайгаар өргөжүүлэх бөгөөд 2021 онд нийт таксины 2.5% нь цахилгаан машин, 2022 онд 5% гэх зэргээр 2026 он гэхэд 40 хувийг цахилгаан машин эзлэсэн байхаар тооцоолж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар Энэтхэг улсад цахилгаан машины борлуулалт маш бага түвшинд байгаа юм байна. Өнгөрсөн онд гэхэд 3.6 мянган цахилгаан машин борлуулагдсан нь нийт борлуулагдсан автомашинуудын 0.1%-ийг л эзлэж байгаа аж.
Энд дуулгахад, өмнө нь Энэтхэг улс агаарын бохирдлын улмаас дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины худалдаанаас 2030 он гэхэд бүрэн татгалзаж, цахилгаан машинд шилжинэ гэж мэдэгдэж байлаа.
Энэтхэг улс агаарын бохирдол хамгийн ихтэй улс орнуудын нэг бөгөөд өнгөрсөн жил гэхэд л агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 25 дахин нэмэгдэж байсан бол 2017 онд агаарын бохирдол 1.6 сая хүний амь насаа алдах шалтгаан болж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ