Швед парламентчдын АМЬДРАЛ
2019-06-10


 

Дэлхийн олон оронд Парламентын гишүүн байна гэдэг тансаг амьдрал, ихээхэн цалин, бас бус давуу тал дагуулдаг хүн бүрийн хүсмээр ажил.  Үүний жишээг манай улсаас харж болно. 


Харин Шведийн парламентын гишүүдийн амьдрал, цалин бидний төсөөлснөөс огт өөр. Энэ улсад ард түмнээс сонгогдсон хэн бүр хатуу хэмнэлтийн зарчмаар ажиллахыг улс төрийн соёл гэж үздэг. Гэтэл манайд үйлдвэрлэл эрхлэгчдийн гол найдлага ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг ч “хувааж цохичихоод” “энэ чинь гэмт хэрэг биш ээ , төлнө өө л гэчихсэн байгаа”  гэж гудийхгүй хариулж суудаг гишүүдийн тансаглалыг Шведийн парламентын гишүүдтэй харьцуулвал газар тэнгэр шиг санагдах. Шведийн парламентын гишүүд хэрхэн амьдардаг талаар ВВС агентлагийн мэдээлснээр товчлон хүргэж байна. 


“Бид энгийн л иргэд. Парламентын гишүүд онцгой давуу талтай байх нь утгагүй, учир нь бидний ажил бол иргэдийн ашиг сонирхлыг, иргэдийн амьдарч буй бодит байдлыг төлөөлөх явдал шүү дээ” гэж Шведийн Социал-демократ намаас парламентад сонгогдсон Пер-Арне Хаканссон ВВС агентлагт ярьжээ. 

 

 

“Бидний давуу эрх бол энэ ажлыг хийх, улс орныхоо хөгжилд нөлөөлөх боломжтой байх явдал юм” хэмээн Хаканссон нэмж өгүүлсэн байна. 


Шведийн парламентын гишүүд албаны машин унадаггүй, харин тэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй байдаг гэнэ. 


Парламентын мэдэлд ердөө Volvo S80 маркийн гурван автомашин байх бөгөөд тэдгээрийг зөвхөн парламентын дарга болон түүний гурван орлогч албан ёсны арга хэмжээнд ашигладаг байна. 


Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Бид такси үйлчилгээ үзүүлдэггүй. Манай машинууд хүмүүсийг гэр рүү нь эсвэл ажил руу нь зөөх журам байхгүй” гэжээ. 


Даруухан хооллох нэмэлт мөнгө 


Шведийн парламентын гишүүний цалин сард 6900 орчим доллар байгаа нь АНУ-ын конгрессын гишүүний цалингаас хоёр дахин бага. Шведийн сарын дундаж цалин 2800 орчим ам.доллар байдаг гэнэ. 


Цалингаасаа гадна тэд бага зэрэг нэмэлт авна. Тухайлбал Стокгольмоос бусад сонгуулийн тойргоос сонгогдсон гишүүд нийслэлд өнгөрүүлэх хоногийнхоо тоогоор цалин дээрээ нэмэлт авдаг гэнэ. 


Гэхдээ энэ нь ердөө өдөрт 12 ам.доллар бөгөөд энэ хэмжээний мөнгөөр Стокгольм хотноо тун даруухнаар хооллох боломжтой гэж ВВС онцолжээ. 


Дашрамд дуулгахад, 1957 оныг хүртэл Шведийн парламентын гишүүд цалин огт авдаггүй байсан бөгөөд гагцхүү намынхаа санхүүгийн дэмжлэгээр л болгодог байж. 


Парламентын гишүүдийг цалинтай болгосноор иргэдийг улс төрд орох саад тотгорыг арилгаж өгсөн ч цалин хэт өндөр байх нь зохимжгүй гэж шведүүд үзжээ.

 
Хямдхан байр, хямдхан тавилга ... 

 

 

Дэлхийн олон оронд төрийн түшээдэд орон сууцны тэтгэмж олгодог, Шведэд ч ялгаагүй. Гэхдээ Стокгольмд орон байргүй гишүүд л энэ тэтгэмжийг авна. Харин тэдний орон сууцыг тансаг гэж хэлэхэд хэцүүхэн, тухайлбал Пер-Арне Хаканссон ердөө 46 мкв талбайтай байранд амьдардаг гэнэ. 

 


Зарим улсын байрууд бүр жижигхэн, ердөө 16 мкв талбайтай байдаг бөгөөд улсын байранд угаалгын болон аяга таваг угаах машин байхгүй, нэг хүний ор байрлуулсан байдаг аж. 


Татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн түшээдэд зориулдаг бөгөөд тэдний гэр бүлийн хүмүүс улсын байранд амьдрах бол өөрсдөө мөнгөө төлөх ёстой, тэр бүү хэл улсын байранд ганц шөнийг өнгөрүүлсэн ч төлбөр төлөх ёстой гэнэ. 


Парламентын гишүүн заавал улсын байранд биш өөр газар амьдарч, орон сууцны тэтгэмжийг байрны түрээсэндээ ашиглаж болдог. Гэхдээ тэтгэмж нь  сард 820 ам.доллар бөгөөд энэ мөнгөөр Стокгольмын төвийн дүүргүүдэд байр түрээслэнэ гэдэг бараг л боломжгүй. 


Ерээд он хүртэл хэмнэлт бүр хатуу байсан бөгөөд түшээдэд байр олгодоггүй, тэд 15мкв орчим талбайтай ажлын өрөөндөө хоног төөрүүлэх нь олонтаа байжээ. 


Сайн дурын ажил

 
Шведийн парламентын гишүүд хувийн туслах эсвэл зөвлөх авах хориотой. Харин үүнийн оронд парламентад төлөөлөлтэй намууд нам бүрээс сонгогдсон бүхий л гишүүдтэй ажиллах ажилтнуудыг хөлслөх тэтгэмж авдаг гэнэ. Орон нутгийн засаг захиргааны хувьд хэмнэлт бүр ч хатуу. Орон нутгийн төлөөлөлд ажиллаж байгаа хүмүүсийн 94 хувь нь үнэ төлбөргүй ажилладаг бол гүйцэтгэх хорооны улстөрчид л бүтэн болон хагас өдрөөр тооцож цалин авдаг аж. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Швед шиг болчихвол Монголд УИХ-н гишүүн болох хүн олдохгүй хэцүүдэх юм байна хөө. Юун сонгууль, нэр дэвшигч олдохгүй тул гадаадаас, тухайлбал хойд Солонгосоос ажилчин урьж УИХ-ын гишүүн болгохоос.
2019-06-11
mgl:
Bid Afriktai ijil baina daa. Uursdiinhuu tuluu temcehgui bol ulam dooshoo orj ulsgui bolno. Naad uls turch nertei hulgaichuud chini Mongol baina baihgui gedegt sanaa tavihgui, hulgai hiihee l bodno.
2019-06-10
Tanaih site-nhaa neriig Г.Бямбасүрэн bolgoj oorchiloo
2019-06-10
L:
NUGUU IH MUNDAG TOOLJ BARAMGUI HAAN NOYON UDAMTAI TENEG MONGOLCHUUD SKANDINAVIIN YAZGUURTAN GER BULTEI ULS IIM L BAINADA.
2019-06-10