МОНГОЛ бүхэлдээ МАН-ын тойрог биш
2019-06-10

Эрх баригчид Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхэд бэлэн болгон боловсруулаад байна. Энэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцээд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хоёр жил гаруй хуулийн төсөл дээр ажиллаж, эдүгээ хуулийн хугацаатай зэрэгцэн төслөө өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

 

Байнгын үйл ажиллагаатай парламенттай болсноос хойш Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаа сонгууль зохион байгуулжээ.  Ингэхдээ дөрвөн удаа можаритор, нэг удаа холимог, бусад нь томсгосон тойргийн тогтолцоогоор сонгууль хийсэн байна. Ажлын хэсэг өнгөрсөн сонгуулиудын судалгааг авч үзээд Монгол Улс ямар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах вэ гэдгийг авч үзсэн.  Ажлын хэсгийн ахлагч “Иргэд улс төрийн нам гэхээсээ илүү УИХ-д өөрийнхөө төлөөллийг туршлагатай, нэр цэвэр, тулхтай хүнээр бүрдүүлэх хүлээлттэй байна. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар баталж ирсэн байна. Цаашид Монголын ард түмэнд ашигтай хувилбар нь юу вэ гэдгийг ажлын хэсэг дээр судалсан. Нийт дөрвөн хувилбар байна. Тухайлбал, одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай, бүсчилсэн, дөрөвдүгээрт Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбараар сонгууль хийх эрхзүйн боломжтой байна. Ажлын хэсэг нэлээд нухацтай авч хэлэлцээд дээрх хувилбарын аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод хэрэгтэй вэ гэдэг дээр давуу болон сул тал дээр судалгаа хийж үзээд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв байна гэж үзсэн” гэдгийг онцолж байгаа.

 

Цаашлаад өнгөрсөн хугацаанд хийсэн жижиг тойргоор хийсэн сонгуулиуд улс орны эдийн засгийг сулруулж, тойргийн сэтгэлгээн дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хуваарилах эрхзүйн зохицуулалттай байсан. Иймд ард түмний өмнө тулгамдаж байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд 76 гишүүн нэг тойргийн зарчмаар ажиллах нь зөв юм байна гэж үзжээ. Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарт нэг сонгогч нэг л нэр дэвшигчийг дугуйлна. Ингээд улсын хэмжээнд нэр дэвшсэн эрхмүүдээс хамгийн олон санал авч, 76-д багтсан нь дараагийн парламентын бүрэлдэхүүнд багтах юм.

 

Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоогоор нэр дэвшигчдийн тухайд  сонгуулийн сурталчилгааны хугацаанд тойргийн сонгогчидтой уулзаж, айл айлын үүд тогшиж, гудамж метрлэн, сумаас сум дамжин цаг хугацаатай уралдаж, хөлс хүч, мөнгө санхүү зарцуулаад байхгүй. Учир нь нэг тойрог гэх мандат багтсан болохоор улс төрийн намууд л мөрийн хөтөлбөр, бодлогоо сурталчилаад явна. Харин сонгогчдоос  хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг жагсаагаад эхний 76-д багтсан нь УИХ-ын гишүүнээр сонгогдож, аль намын гишүүд хамгийн олон санал авснаар тухайн нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явна гэсэн үг.

 

УИХ-ын сонгуулиар нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл багтсан дунджаар 500-700 хүн нэр дэвшдэг. Сонгогдох энэ эрхмүүдийн дунд төөрөлдөх магадлалтай, санал унших автомат машинд ч найдах эрсдэлтэй, сонгогч бидний хувьд. Харин хууль боловсруулагчдын тухайд техникийн хувьд ямар ч асуудалгүй, саналын хуудсыг үнэн зөв уншиж, тоолно гэж бат итгэлтэй тайлбарлаж байна. Сонгогчдын тухайд, “иргэд олон сонголттой байхыг хүсдэг. Цөөхөн хүн оруулж ирээд сонгохоос өөр аргагүй байдалд тулгадаг гэж ярьдаг. Энэ хувилбараар сонголтыг олгож байгаа” гэсэн хариу өгч байна. Харин энэ хувилбараар сонгууль явагдвал ялагдсан тал “хэт олон нэр дэвшигчийг саналын хуудсанд жагсааж, сонгогчдыг төөрөлдүүлсэн. Сонгогч танил нэрээ л дугуйлдаг. Сонгогчдын боловсрол муу байгаа” гээд л эргээд хууль боловсруулагчид руу биш сонгогчид руу бурууг өгнө. Үнэндээ зарим сонгогчид 700 орчим нэрсийн жагсаалтад төөрөлдөнө гэдгээ ч хүлээн зөвшөөрнө.

 

Монгол Улс нэг тойргоор сонгууль явуулаад, ялалт байгуулан гарч ирсэн тухайн парламентын гишүүд сонгосон сонгогчдын төлөө ажиллана гэвэл гонжийн оо. Өнөөдөр жижиг тойргоос нэр дэвшин гарч ирсэн эрхмүүд  ч тойрогтоо гавьтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнүүлдэггүй. Сонгуулийн үеэр амласан хувийн амлалтдаа ч хүрдэггүй. Улсын төсвийг тойрог тойрог руугаа тусгах гэж булаалцалддаг хэрнээ, тусгуулсан төсвийн мөнгө тухайн тойрогт төлөвлөсний дагуу зарцуулагдахгүй, салхинд хийсдэг.

 

Монгол Улс нэг тойргийн тогтолцоогоор улс орны хөгжил, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлнэ гэж хууль санаачилагчид тайлбарлаж байна. Үе үеийн парламент өөр өөрсдийн урт хугацааны бодлого, хөтөлбөр баталдгаас, уламжлал болгож хэрэгжүүлж ирээгүй. Урт хугацааны бодлого байтугай дунд, богино хугацааны хөтөлбөрийг ч хэрэгжүүлдэггүй, орхигддог. Тиймээс Монгол Улс нэг тойргоор алсыг харсан хөгжлийн урт хугацааны бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа нь үлгэр. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд цаасан дээр хичнээн удаа хөгжлийн урт хугацааны бодлого, хөтөлбөр батлагдаж, хүчингүй болов.

 

Басхүү нэг мандатаас сонгогдсон, тойроггүй гишүүд нэр дэвших эрхээ авах гэж намдаа л хандив өргөнө үү гэхээс сонгогчид “сохор зоос ч хаяхгүй” сурталчилгаагаа өрнүүлж, сонгогдсоныхоо дараа “ард түмнээс сонгогдсон” гэж цээжээ дэлдэнэ. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар “миний ард түмэн” гэж хэлэх эрхтэй ганц хүн нь Ерөнхийлөгч. Яагаад гэвэл Ерөнхийлөгч бүх ард түмний сонголтоор сонгогддог. Өмнөх 2012-2016 оны парламентад тодорхой хувьд намыг дугуйлж, жагсаалтаар сонгогдсон гишүүд дөрвөн жил хэнийг л үл төлөөлж, чуулганы танхимд “намайг ард түмэн сонгосон” гэж ярьсаар, тойргоос сонгогдсон гишүүдийн дэргэд хариуцлага үүрэхгүй, эрхээ бүрэн эдэлсэн эрх чөлөөт гишүүд байлаа.

 

Өнөөдрийн Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарыг эрх баригч хүчин өөрсдөдөө зориулсан хувилбар гэж олон нийт шүүмжилж байгаа.  Энэ нь ч үнэний ортой. Хэрвээ энэ хувилбараар сонгууль явбал төр олон удаа сонгогдсон эрхмүүд сонгогчдын олонхийн санал авах нь ч тодорхой. Гэхдээ эрх баригчид өөрсдөдөө бүрэн найдах хэрэггүй, Монгол бүхэлдээ МАН-ын тойрог биш.

 

Сонгуулийн хуулийг хаврын чуулганаар өргөн барьж амжихгүй ч намрын чуулганаар өргөн барьж, хуулийн хугацаанд хэлэлцэх батлахаар эрх баригчид яаравчлах байх. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн өөрчлөлтий төслийг ч өргөн бариад байгаа. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр бол Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг хойшилогдоно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээс Сонгуулийн хуулийн төслийг хэрхэн хэлэлцэх нь шийдэгдэх юм.

 

Ийнхүү эрх баригчид хүссэн ч, эс хүссэн ч хуулийн хугацаатай асуудлыг зайлшгүй хэлэлцэх дараагийн сонгуулийн цаг хугацааны хайчилбартай туллаа.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongol Uls neg toirog bolohod odoo burtgeltei 31 namaas heden khun devshih yum bol.MAN.AN-as tus bur 76.MAHN-as 50-60. busad jijig 28 namaas dundajaar 15-18 khun devshuulehed l 700 ner devshigch.Surtalchilgaa ni hed honog bh. Namin muriin hutulbur. Ner debshigchdee yaj surtalvhilj taniulj amjih. Sanal avah huudsand ene olon nersiig yaj bagtaah.Neg songogch songuuli uguhud hedii hugatsaa zartsuulah.Songuuli hed honog yamar hugatsaand urgeljleh geed ankhaarah sudlah olon asuudal ba.Mash olon songogchiin sanal yamarch ur dungui orhigdoh magadlal ch ba.Harin buschilsen toirog bval amidrald arai oir bus u.Odoo ene UIH-d suuj bgaa 76-g lav dahin songohgui bh.Shine zaluu. nam bus. medleg chadvartai. niigmiin tuluu setgeltei.shudarga. huuli erkh zuin chadamjtai. yos zuitei khuniig l demjih bh
2019-06-11
erjee:
Ene heltei helgui 2 amitan yugaa medeh ve. Ter 2 horchin dargadaa l tal zasch suugaa biz zailuul.
2019-06-11
эргэлзээ:
2 сая сонгогчоос нэг нэр дэвшигч 20-30 мянган санал авахад л сонгогдох магадлал өндөр байх нь. нэг нэр дэвшигч 330 сум бүрээс 100 санал авахад л хангалттай. жинхэнэ мөнгө тараах юм биш үү.
2019-06-10
Enkhbat-d:
Chi setguulch, mongol hun baij ingej yaj bichij chadaj bn aa?? Olon toirogtoi baih tusam mongo taraah, songuuli budiluulah, sanal hulgailah asuudal garaad bn shu dee. Uls buheldee 1 toirog bolbol mongony songuuli bolohgui. Odoo hervee huuchhinaaraa yavbal ene uls oron hezee ch bosohgui. Mongony songuuli luivariin songuuli bolno oo. Dahiad 7 saryn1 buur tuunees dor uym boloh-g hen ch medehgui. Chi ongorson tuuhee sudlaach huu mini.
2019-06-10