Тэмбүүгийн шинжилгээг өндөр нууцлалтай, үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй авдаг
2019-06-11

Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор Улаан тариа-2 аяныг зарласан билээ. Улсын хэмжээнд тэмбүү өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч яригдах болсон учраас хоёр жилийн хугацаанд энэ аяныг зарлаж буй юм. Үүнтэй холбогдуулан тэмбүү өвчний тархалтын талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн БЗДХ/ХДХВ/ДОХ-ын кабинетын зохицуулагч их эмч Б.Нурмаатай ярилцлаа.

 

 

-Эхлээд тэмбүү өвчин хэрхэн үүсч, тархдаг талаар мэдээлэл өгөөч.

 

-Тэмбүү өвчин нь нянгаар үүсдэг. Асар удаан явцтай бэлгийн замын халдварт өвчин. Хүмүүс  бэлгийн замаар дамжих халдвар гэхээр бэлгийн замыг гэмтээдэг гэж боддог. Тийм биш. Арьс, салст, тунгалгийн булчирхай зэргийг гэмтээдэг. Хэдий эмчилгээ хийгээд эдгэдэг ч хүний цусанд уураг нь байнга эргэлдэж байдаг.  

 

-Ямар замаар халдварладаг вэ?

 

-Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох, тэмбүүтэй эхээс урагт, халдвартай цус, цусан бүтээгдэхүүн зэргээр дамждаг. Ихэвчлэн тэмбүүтэй эхээс урагт, халдвартай хүнтэй хавьталд ороход дамжин халдварлаж байна.

 

-Халдвар авсан хүний биед ямар өөрчлөлт гарах вэ? Өвчний далд үе гэж байх уу?

 

-Тухайн хүний биеийн онцлогоос хамаардаг. Ихэвчлэн долоо хоногоос сарын дараагаас биед өөрчлөлт орж эхэлдэг. Тэмбүү өвчний далд үе ямар ч өвчин, зовиургүй илэрнэ. Энэ нь уг өвчинг хүндрүүлэх аюултай байдаг. Долоо хоногоос нэг сарын дараагаас хатуу яр гарна. Яр гарсан хэсгийн тунгалагын булчирхай томордог нь бусад хатигнаас ялгарна. 2-3 сарын дараагаас яр шарх арилдаг. Нэгээс дээш жилийн дараагаас мөгөөрсөн эрхтэн идэгдэж эхэлдэг. Энэ нь хамаргүй болох шалтгаан болдог.

 

-Ямар шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?

 

-Тохиолдлын бэлгийн хавьталд орсон бол 14 хоногоос сарын дараа сериологийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээг цусаар авдаг. Бүх дүүргүүдийн БЗДХ-ын сайн дурын үзлэг, шинжилгээ өгөх кабинет байдаг. Тэнд харьяа дүүрэг харгалзахгүй “Зөвхөн таны нууцыг танд” гэдэг нууцлалттайгаар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байгаа. Одоо албан байгууллагад ажилд орох, амралт зугаалганд явах зэрэгт энэ шинжилгээг заавал өгсөн байхыг шаарддаг болсон.

 

-Сүүлийн үед тэмбүү өвчин эхээс урагт халдах тохиолдол их болсон. Төрөлхийн тэмбүүгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Жирэмсэн эхчүүд эмчийн хяналтандаа орохгүй байгаа нь хожуу үеийн хүндрэлийг нэмэгдүүлдэг. Тийм болохоор аль болох эрт хяналтандаа орж, үзлэг шинжилгээндээ цаг бүрт нь хамрагдах ёстой. Эрт хяналтандаа орсноор хүүхэд, эх аль аль нь бүрэн эмчлэгдэнэ. Хамгийн гол нь хамтрагчтайгаа ирж хоёр жилийн хугацаанд мэргэжлийн эмчийн хяналтанд байх ёстойг ойлгох хэрэгтэй.

 

Төрөлхийн тэмбүүтэй нярай эрүүл хүүхдийг бодвол жин багатай, амьдрах чадвар муу байдаг. Арьсан дээр нь яр гарна. Тэмбүүтэй үед хийдэг эмчилгээг хүүхдэд ч бас хийдэг.

 

-Ихэвчлэн хэдэн насны хүмүүс энэ өвчнөөр өвчилж байна вэ?

 

-16-49 буюу нөхөн үржихүйн насны хүмүүс өвчилж байна. Баянгол дүүргийн хэмжээнд 2018 оны эхний таван сард 104 хүн халдвартай байсан бол 2019 оны эхний таван сарын байдлаар 186 болж нэмэгдсэн. Энэ тоо баримт бол  өвчлөл хурдацтай нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.

 

-Эцэст нь энэ өвчнөөс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө өгөөч?

 

-Эх хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эрт хяналтандаа орж, шинжилгээндээ хамрагдах шаардлагатай. Аль болох эрт эмчлүүлбвэл өөрөө ч эрүүл болно. Эрүүл ч хүүхэд төрөх үндэс болно. Ингэснээр та хайртай хүмүүсээ хамгаалах боломжтой гэж захимаар байна.

 

Бас аль болох тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчиж, ТҮБ/Тэвч, үнэнч бай, бэлгэвчний зохистой хэрэглээ/-ний зарчмыг баримтлах хэрэгтэй. Хүнийг гаднаас нь хараад өвчтэй гэж хэлж мэдэхгүй учир дор бүрнээ бодлоготой байх хэрэгтэй.

 

С.Ганцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үнэ төлбөргүй биш даатгалын төлбөрөөр үзнэ гэвэл амар байна хэн хэндээ тэхгүй шинжилгээ өгөх гэж очоод буцаж байх жишээний
2023-03-09
Төгий:
Үхсэний үнэ төлбөргүй даатгалгүй гээд шинжилгээ авдаггүй юм бнлээ шд
2022-09-26
Монгол:
Үнэгүй шинжилгээ хийгээд үнэгүй эмчлэхүү.татварын мөнгийг ийм арчаагүй юманд үрэхээ зогсоо. Монголчуудад торгууль гэдэг журмаар л наадахийг чинь зохицуулах нь дээрээ.дахиад халдвар авна дахиад үнэгүй шинжилгээ, үнэгүй эмчилгээ.ийм юманд мөнгөө үрэхийг зогсоо ЭМЯ аа Хөрс сууриа мэддэггүй сайдаа
2019-06-11